
Зургийг: С.Батсайхан
Авто болон төмөр замын ачаа тээврийн өсөлтийн нөлөөгөөр тээврийн салбарын орлого оны эхний есөн сард 9.8 их наяд төгрөг хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь сүүлийн гурван жилийн тайлант хугацааны хамгийн өндөр өсөлт болж байна.
Авто тээврийн орлого өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар, төмөр замын орлого 39.9 хувиар өссөн бол агаарын тээврийнх 14.6 хувиар нэмэгджээ.

Оны эхний есөн сард улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 136 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 34 сая тонноор давсан байна. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 34 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Ингэснээр авто тээврийн салбарын орлого таван их наяд төгрөг хүрлээ.
Харин төмөр замаар оны эхний есөн сард нийт 46.1 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Үүнд дотоодод тээвэрлэсэн ачаа өмнөх оны мөн үеэс 57 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн бол экспорт болон импортын ачаа 11.2-16.9 хувиар тус тус өссөн байна. Тайлант хугацаанд төмөр замын тээврийн орлого 1.8 их наяд төгрөг болж, 40 орчим хувиар өсжээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт сүүлийн байдлаар 70 хувьд хүрснийг “Тавантолгой төмөр зам” мэдээлж байсан юм. Тус төмөр замыг ирэх оны II улиралд ашиглалтад оруулснаар төмөр замын тээврийн хүчин чадал жилд 40 сая тонноор нэмэгдэх юм.
Агаарын тээврээр I-IX сард давхардсан тоогоор хоёр сая зорчигч, 7.7 мянган тонн ачаа тээвэрлэснээр үндэсний тээвэрлэгчид 1.2 их наяд төгрөгийн орлоготой ажилласан байна. Олон улсад нийт 1.7 сая хүн зорчсоноос Сөүл, Шанхай, Эрээн, Бээжин чиглэлийн зорчигчдын тоо өсжээ.

Агаарын тээврийн салбарт хийгдэх томоохон ажлуудаас онцолбол агаарын навигацийн нөөц төвийг Сайншандад ашиглалтад оруулна. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжаар өргөтгөнө. Ингэснээр нэг жилд 5.2 сая зорчигч хүлээн авч, одоогийн хүчин чадал 3.2 дахин нэмэгдэх юм.