
Зургийг: Э.Тэнгис
Худалдааны салбарын борлуулалтын орлого оны эхний есөн сард 54.7 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Харин бодит өсөлт буюу үнийн өөрчлөлтийн нөлөөг хассан дүнгээр өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн байна.
2023-2025 онд худалдааны салбарын борлуулалтын орлого жилийн дүнгээр 59-69 их наяд төгрөг хүрчээ.
Хүнсний бүтээгдэхүүний борлуулалтын орлого 6.6 хувиар өссөн бол хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 14.4 хувиар өсөж, 43 их наяд төгрөг болсон байна.
Шатахууны жижиглэн худалдааны борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 35.8 хувиар өссөн нь хүнсний бус бүтээгдэхүүний худалдааны өсөлтөд гол нөлөө үзүүлжээ.
Ерөнхий сайдаас Сангийн сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарт АИ-92 автобензиний үнийг тогтворжуулах, бууруулах санал боловсруулах үүрэг өгсөн юм. Энэ чиглэлд шуурхай арга хэмжээ авна гэдгээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Худалдааны салбарын нийт борлуулалтын орлогын 85.7 хувийг Улаанбаатарт, 3.6 хувийг Өмнөговь, 2.4 хувийг Дархан-Уул, Орхон аймагт хийсэн байна. Өөрөөр хэлбэл нийслэл болон уул уурхай, аж үйлдвэр төвлөрсөн гурван аймагт хийсэн борлуулалт нийт орлогын 92 орчим хувийг бүрдүүлжээ.
Харин Говь-Алтай, Завхан, Увс, Дорнод аймагт худалдааны салбарын борлуулалт бусад аймгаас харьцангуй бага буюу жилийн дүнгээр таваас доош хувиар өссөн байна. Хэдий тийм боловч эдгээр аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс есдүгээр сард 12.7-18.5 хувьтай байсан бол аравдугаар сард 14-18.7 хувь болж эрчимжжээ.