
Зургийг: ХХБ
Худалдаа хөгжлийн банк сүүлийн гурван жил гаруйн хугацаанд бэлтгэл ажлыг нь хангаж ирсэн банкны системийн иж бүрэн шинэчлэлээ өнгөрсөн аравдугаар сард амжилттай хэрэгжүүлснээ мэдээллээ. Шинэчлэлийн хүрээнд банкны суурь бүртгэлийн систем болон түүнтэй холбогдон ажилладаг дагалдах дэд системүүдийг бүхэлд нь шинэчлээд байна.
Энэхүү шинэчлэлд 30 сая ам.доллар буюу ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Төслийн хүрээнд Швейцарт төвтэй “Temenos” компанийн банкны суурь бүртгэлийн системийг сонгож, банкны үйл ажиллагаа, Монгол Улсын хууль эрх зүйн орчин болон харилцагчдын хэрэгцээнд нийцүүлэн нутагшуулахаар ажиллаж байгаа аж. Дэлхийн 150 гаруй орны 1000 гаруй банк өдөр тутмын үйл ажиллагаандаа “Temenos”-ийн суурь бүртгэлийн системийг ашигладаг байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ болон төслийн цар хүрээг харгалзан үзвэл Худалдаа хөгжлийн банкны системийн шинэчлэл нь үндэсний хэмжээний томоохон төслүүдийн нэг болж байна.
Банкны суурь бүртгэлийн систем (Core Banking System) нь харилцагчдын данс, гүйлгээ болон банкны бусад үндсэн үйл ажиллагааны мэдээллийг бүртгэх, боловсруулах, хадгалах технологийн гол платформ юм. Тиймээс Худалдаа хөгжлийн банкны шинэчлэл нь зөвхөн нэг системийг солих бус, банкны үндсэн бүртгэл, өгөгдөл боловсруулалт болон бусад системтэй холбогдох технологийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчилснээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, харилцагчдын их хэмжээний мэдээллийг тасралтгүй бүртгэж, ангилан цэгцэлж, боловсруулан хадгалах суурь платформыг бүхэлд нь шинэчилсэн байна. Харилцагчид банкны салбарт очихгүйгээр хурдан, найдвартай үйлчилгээ авах эрэлт нэмэгдэж байгаа нь системийн шинэчлэл хийх гол шаардлагуудын нэг болсон.
Үүнээс гадна эдийн засаг тэлэхийн хэрээр банкны системийн ачаалал нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим залилангаас сэргийлэх хяналт, зохицуулалтын шаардлага өндөрссөн. Мөн хиймэл оюун ухаан, нээлттэй банк зэрэг шинэ үйлчилгээг хөгжүүлэхэд орчин үеийн, уян хатан технологийн суурь шаардлагатай болсон гэж Худалдаа хөгжлийн банкны Мэдээллийн технологийн газар тайлбарласан юм.
Банкны үндсэн системийг зөвхөн нэмэлт, өөрчлөлтөөр хөгжүүлэх нь урт хугацаандаа хангалтгүй тул богино хугацааны үр дүнгээс илүүтэй тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг чухалчилсан гэж Худалдаа хөгжлийн банкны Мэдээллийн технологи хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч С.Баатар онцолсон байна. Тиймээс тус банк сүүлийн гурван жил гаруйн хугацаанд системийн шинэчлэлийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжүүлсэн аж.