
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- 1945 онд Ялтын уулзалтаар гурван их гүрний удирдагчид дэлхий хэмжээнд тогтвортой байдал бий болгох буюу нөлөөллийн хүрээгээ хэрхэн хуваах талаар тохиролцоонд хүрч байсан. Харин Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний чуулганы хүрээнд пүрэв гарагт Шэньжэнь хотод болох АНУ, БНХАУ болон ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтыг Ялтын бага хуралтай харьцуулах хандлага нэмэгдэж байна.
Гэхдээ Ялтын уулзалттай харьцуулбал Владимир Путин, Ши Жиньпин болон Дональд Трамп нь дайны үеийн холбоотнууд биш бөгөөд тэдний дунд илэрхий нэгдсэн зорилт байхгүй. Гурвуулаа олны анхаарлын төвд орох тус тусын шалтгаантай ч хамтдаа авхуулсан зураг нь XXI зуунд дэлхийн хүчний төв хаана байгааг илэрхийлэх бэлгэ тэмдэг болж магадгүй юм.
Гурван талын хэлэлцээ нь Украин болон Ираны дайнууд бүс нутгийн цар хүрээнээс хальж, илүү өргөн хүрээний мөргөлдөөнд шилжих эрсдэлийг бууруулах боломжтой. Хэдий тийм боловч энэ удаагийн уулзалтаас аль нэг дайныг дуусгах бодит шийдэл гарах эсвэл аажмаар суларч буй цөмийн зэвсгийн хяналтын тогтолцоог сэргээх чиглэлд дорвитой ахиц гарна гэж шинжээчид төдийлөн хүлээхгүй байна.
Дональд Трампын хувьд Бүгд Найрамдах нам АНУ-ын завсрын сонгуульд ялагдал хүлээсний дараа дээд түвшний уулзалтад оролцох нь улс төрийн хувьд ашигтай. Харин Ши Жиньпиний хувьд энэ нь 1945 оны Ялтын уулзалтад уригдаагүй БНХАУ өдгөө дэлхийн тавцанд ямар байр суурь эзэлж буйг харуулах нэг боломж юм.
Мөн Кремлийн эх сурвалжуудын мэдээлснээр Москва Шэньжэний уулзалтыг бэлгэдлийн хувьд ач холбогдолтой гэж үзэж буй. Энэ удаагийн уулзалтаар аюулгүй байдал, цөмийн зэвсгийн чиглэлээр томоохон хэлцэл хийгдэх магадлал бага ч Владимир Путинд дэлхийн шинэ “Их гурвал”-ын нэг гишүүн гэдгээ нотлох боломж олгож буйг эх сурвалжууд онцолжээ.