
Зургийг: Bhawika Chhabra/REUTERS
БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хот агаарын бохирдлын хэмжээгээр Пакистаны Лахор хотыг ардаа орхиж, баасан гарагийн байдлаар дэлхийн хамгийн их бохирдолтой хот болоод байна. 20 сая орчим хүн амтай тус хотыг өтгөн утаан манан бүрхэж, агаарын чанар эрүүл мэндэд аюултай түвшинд хүрсний улмаас үзэгдэх орчин эрс мууджээ.
Швейцарын “IQAir” байгууллагын мэдээлснээр Шинэ Делигийн агаарын чанарын индекс 334-т хүрч, аюултай ангилалд байна.
Энэтхэгийн хойд хэсэг болон хөрш Пакистан улсын бүс нутагт агаарын бохирдол улирлын шинжтэй нэмэгддэг. Өвлийн улиралд хүйтэн, нягт агаарын давхарга үүсэж, автомашины утаа, барилгын ажлын тоосжилт, хөдөө аж ахуйн талбайн ургамлын үлдэгдэл шатааснаас үүссэн утаа газрын гадаргад ойр хуримтлагдан, агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг.
Үүнтэй төстэйгөөр Монголын говийн бүсэд ч байгалийн тоосжилт болон халаалтын улирлын үеийн агаарын бохирдол нэмэгддэг. Баасан гарагийн байдлаар Өмнөговь аймгийн Даланзадгад хотын агаарын чанарын индекс нь 242-д хүрч, улсын хамгийн бохирдолтой хэсэг боллоо. PM2.5 тоосонцрын агууламж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 24 цагийн дундаж зөвлөмжөөс ойролцоогоор 5.5 дахин өндөр байна.
Салхины хурд багасах үед агаарын бохирдол газрын гадаргатай ойр хуримтлагдах нөхцөл бүрддэг. Баасан гарагийн өглөөний 05.00-11.00 цагийн хэмжилтээр салхины хурд ойролцоогоор 2-3 км/цаг байсан нь агаарын солилцоо сул байсныг илтгэж байна.