
Зургийг: Chris McGrath/Getty Images/Bloomberg
Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк (AIIB) нь COP31 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлыг зохион байгуулж буй Турк улстай 1.6 тэрбум ам.долларын санхүүжилтийн хэлэлцээр байгууллаа.
Тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орнуудын нэг болох Турк улс 2030 он гэхэд уур амьсгалын чиглэлээр нэмэлт 68 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай, үүний тал орчим хувийг хувийн хэвшлийн эх үүсвэрээс бүрдүүлэх хэрэгтэй гэж пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ.
Энэхүү хэлэлцээр нь Туркийн Уур амьсгалын тухай хуулийг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөг нь дэмжинэ. Тухайн төлөвлөгөөнд 2035 оны завсрын зорилт тусгагдсан, 2053 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг цэвэр дүнгээр тэглэх зорилт тавьжээ.
Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Константин Лимитовский “Энэхүү санхүүжилт нь тус банкнаас өнөөг хүртэл олгосон уур амьсгалын бодлогод суурилсан санхүүжилтийн хамгийн том багц юм. Турк улс уур амьсгалын чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг бид тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгдлээ.
Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны 2025 онд олгосон уур амьсгалын санхүүжилтийн нийт хэмжээ мөн түүхэн дээд хэмжээнд хүрч, 7.47 тэрбум ам.доллар болсон байна. Тогтвортой санхүүжилтийн хүрээнд үзүүлэх дэмжлэгийн тодорхой хэсгийг Туркийн шинээр бүрэлдэж буй хүлэмжийн хийн ялгарлын арилжааны тогтолцоог өргөжүүлэхэд зарцуулна. Энэхүү тогтолцооны хүрээнд хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг салбарын компаниудад ялгарлын зөвшөөрөл олгож, тэдгээрийг хооронд нь арилжаалах боломж бүрдүүлэх юм.
Турк улс нүүрстөрөгчийн ялгаруулалтад дотооддоо үнэ тогтоох тогтолцоог нэвтрүүлснээр ган, цемент зэрэг бүтээгдэхүүнээ Европын Холбоонд экспортолдог компаниудад дэмжлэг үзүүлэх боломжтой. Учир нь эдгээр компани Турк улсад нүүрстөрөгчийн ялгарлын төлбөр төлсөн бол Европын Холбооны нүүрстөрөгчийн хилийн зохицуулалтын (CBAM) дагуу төлөх татварын хэмжээг тооцохдоо дээрх төлбөрийг харгалзан үзэх боломжтой юм.
Хөтөлбөрийн хүрээнд 2027 оны дөрөвдүгээр сар гэхэд хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг салбарын 180-аас доошгүй үйлдвэрийн газар ялгарлынхаа анхны буюу суурь түвшний хэмжээг тогтоож, тайлагнадаг болох зорилт тавьжээ. Мөн 2027 оны эхэн үе гэхэд салхи болон нарны эрчим хүчний нийт 1800 мегаваттын хүчин чадал бүхий төслүүдэд үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна.
Түүнчлэн 2028 он гэхэд усны хомсдолтой сав газрын 225 мянган тариаланчийг ус бага шаарддаг таримал ургамал тариалахад шилжүүлэх, мөн агаар мандлаас уур амьсгалд сөрөг нөлөөтэй нүүрстөрөгчийг шингээдэг газар нутгийг нүүрстөрөгчийн шингээгч бүс болгон нийт 50 мянган га талбайд тогтоох зорилт тавьжээ.