
Зургийг: Ko Sasaki/Bloomberg
(Bloomberg) -- Иений ханшийн сулралын нөлөөгөөр Японд аялахад илүү хямд болсноос гадна олон нийтийн сүлжээ нь залуусын сонирхлыг өдөөж буй. Ингэснээр Японы өвөрмөц автомашины соёлыг мэдрэхээр ирэх жуулчдын тоо эрс нэмэгджээ.
Энэ нь Японыг чиглэсэн гадаадын жуулчдын урсгалын нэг хэсгийг бүрдүүлж байгаа бөгөөд аялал жуулчлал нь тус улсын эдийн засгийн томоохон хэсэг болж байна. “Retro-racer” хөдөлгөөн гэгддэг Японы авто соёлын зах зээл нь 2033 он гэхэд бараг хоёр дахин тэлж, 6.1 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байгаа аж.
Энэхүү соёлын эхлэл 1960-аад онд тавигдсан байна. Тухайн үед Японы эдийн засгийн хүчтэй өсөлт автомашины хэрэглээг өргөн дэлгэрүүлж, тээврийн хэрэгслээ тоноглон сайжруулах сонирхлыг нэмэгдүүлжээ. Улмаар 1980-аад онд гудамжны уралдааны клубүүд бий болж, тэднээс санаа авсан манга, анимэ бүтээлүүд хүртэл гарах болсон бөгөөд 2000-аад оны эхээр кино урлаг, “Gran Turismo” зэрэг алдартай видео тоглоомын франчайзаар дамжин энэхүү соёл дэлхий даяар танигджээ.
Өдгөө “Airbnb”, “Klook”, “Trip.com” зэрэг платформ Японы авто соёлтой танилцах хэдэн зуун төрлийн аялал санал болгож байна. Үнийн хувьд бага оврын автобусаар хийх групп аялал 40 ам.доллароос, “Lamborghini Aventador”-аар хийх ганцаарчилсан аялал 1600 орчим ам.доллароос эхэлж байгаа юм.