
Зургийг: Waldo Swiegers/Bloomberg
(Bloomberg) -- Дэлхийн эдийн засгийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилготой санаачилга НҮБ-ын уур амьсгалын хэлэлцээрийн үеэр саатаад байна.
Туркийн Анталья хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцид нэгдсэн Талуудын 31 дүгээр бага хурлын дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн эцсийн эрчим хүчний хэрэглээнд цахилгаан эрчим хүчний эзлэх хувийг одоогийн 20 гаруй хувиас 2035 он гэхэд 35 хувьд хүргэх сайн дурын амлалтыг дэмжүүлэхээр ажиллаж байна. Хэдий тийм боловч БНХАУ, БНЭУ, Бангладеш зэрэг 24 орчим улсыг төлөөлдөг ижил байр суурьтай хөгжиж буй орнуудын бүлэг энэхүү амлалтыг эцсийн баримт бичигт ямар нэг хэлбэрээр тусгахыг дэмжихгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.
Энэхүү санаачилгыг ABB болон “Schneider Electric” зэрэг компаниас гадна 24-өөс доошгүй улс дэмжиж байгаа юм.
2000 оноос хойш дэлхийн эрчим хүчинд цахилгаан эрчим хүчний эзлэх хувь өссөөр ирсэн бөгөөд тэр дундаа Япон болон БНСУ COP31-ийн хүрээнд тавигдсан зорилтот түвшинд ойртоолд байгаа аж.
Цахилгаан эрчим хүчийг чулуужсан түлш зэрэг олон төрлийн эх үүсвэрээс үйлдвэрлэх боломжтой. Одоогоор хэлэлцэж буй санал нь цэвэр болон бохир эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгааныг хооронд нь ялгаагүй байна.
Европын Холбоо дээрх зорилтыг зөвхөн цэвэр эрчим хүчээр хязгаарлах санал гаргах талаар өмнө нь бодож үзсэн ч энэ нь эрчим хүчний систем нь чулуужсан түлшнээс ихээхэн хамааралтай улс орнуудыг татгалзахад хүргэж болзошгүй гэж үзэж буй.
Европын Холбооны Уур амьсгалын асуудал хариуцсан комиссар Вопке Хукстра “Тодорхой хэмжээнд прагматик буюу бодит нөхцөлд нийцсэн хандлага хэрэгтэй байх. Эс бөгөөс харьцангуй цөөн оролцогчтой үлдэх эрсдэлтэй. COP-ийн гол зорилго бол олон талт хамтын ажиллагаа бөгөөд аль болох олон улсыг хамруулах юм” гэж тодотголоо.