
Зургийг: SGabby Jones/Bloomberg
(Bloomberg) -- “Anthropic” компани хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгосны дараа индекс дагадаг сангууд тус компанийн хувьцаанаас олон тэрбум ам.доллароор худалдан авч болзошгүй байна. Хэдий тийм боловч АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хоёр том индекс болох “Russell 1000” индекс, “Nasdaq 100” индексэд багтах хүртэлх хугацаа “SpaceX”-ийнхээс урт байх төлөвтэй байгаа аж.
Хэрвээ “Anthropic” төлөвлөснийхөө дагуу 11 дүгээр сарын 19-нд арилжаагаа эхлүүлж, холбогдох шалгуурыг хангавал 12 дугаар сарын 11-ний арилжаа хаасны дараа “Russell 1000” индексэд, мөн тухайн сарын 21-ний арилжаа эхлэхээс өмнө “Nasdaq 100” индексэд тус тус багтах боломжтой.
Харин “SpaceX” компани зургаадугаар сард хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлснээс хойш долоо хоног орчмын дараа “Russell 1000” индексэд, сар хүрэхгүй хугацаанд “Nasdaq 100" индексэд багтаж байсан юм.
"FTSE Russell" болон "Nasdaq" томоохон IPO хийсэн компаниудыг индексэдээ хурдан нэмэхийн тулд энэ онд дүрмээ өөрчилсөн байна. Гэхдээ “Anthropic”-ийн IPO 12 дугаар сард индексийн бүрэлдэхүүн шинэчлэх товтой ойрхон байгаа тул эдгээр хоёр байгууллага тус компанийн хувьцааг ээлжит шинэчлэлээ хийх үеэрээ нэмж магадгүй байна.
Индексүүдэд хэзээ багтах нь хувьцааны эрэлтэд чухал нөлөөтэй байдаг. Учир нь индекс дагадаг сангууд бүрэлдэхүүнд шинээр орсон компанийн хувьцааг багцдаа нэмж авах шаардлагатай болдог юм.