
Зургийг: Bloomberg TV Mongolia
АПУ ХК Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай 25 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгууллаа. Энэхүү санхүүжилтээр үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламж, хаягдал шаар, хөрөнгө боловсруулах үйлдвэр болон зүүн бүсийн автомат агуулах барих гурван төсөл хэрэгжүүлэхээр байна.
Санхүүжилтийн 20.25 сая ам.доллартой тэнцэх хэсгийг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк урт хугацаат төгрөгийн зээл, 4.75 сая ам.долларыг Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн эх үүсвэрээс ам.долларын хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгоно гэж тус банк мэдээллээ.

Таван жилийн хугацаатай дээрх санхүүжилт нь үйлдвэрийн усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, агуулах болон түгээлтийн үйл ажиллагааг автоматжуулах замаар үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэж байна.
Үүнээс гадна АПУ ХК 2026 оны III улиралд өмнөх оны мөн үетэй ижил ашгийн түвшинд ажилласнаа мэдээллээ.
ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев
“Энэ онд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Монгол дахь салбарын үйл ажиллагааны хувьд түүхэн дэх хамгийн өндөр хөрөнгө оруулалттай жил болохоор байна. Энэхүү төслийн гэрээг байгуулснаар зөвхөн 2026 онд хувийн хэвшилд оруулсан манай банкны хөрөнгө оруулалт 300 сая еврогоос давна. Өнгөрсөн онд бид 200 саяын хөрөнгө оруулалт хийж байсантай харьцуулахад 50 хувиар нэмэгдүүлж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засаг сайн үзүүлэлттэй байгааг харуулаад зогсохгүй хувийн хэвшлийн компаниудын эрмэлзэл, хөгжлийг илтгэж байна.
Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд, хөрөнгө оруулалтыг зөвхөн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк дангаараа хийх нь үр ашигтай биш. Тиймээс бид ирэх жилийн төслүүдийн багцаа аль хэдийн бүрдүүлж эхэлсэн. Ирэх онд хөрөнгө оруулалт дахин нэмэгдэнэ. Тухайлбал: бид 350-400 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Үүний дийлэнх нь хувийн хэвшилд чиглэнэ.
Үүний зэрэгцээ Монгол Улсын дэд бүтцийн салбарын сонгомол төслүүдэд хөрөнгө оруулж, эрчим хүч болон тээврийн салбарыг голлон дэмжинэ. Гэхдээ зөвхөн эдгээр салбараар хязгаарлагдахгүй” гэж мэдэгдлээ.