
Зургийг: Э.Тэнгис
Оны эхний есөн сард дотоодын нийт бүтээгдэхүүн 7.3 хувиар өссөн бол нэг өрхийн сарын дундаж бодит орлого өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар буюу 61.1 мянган төгрөгөөр буурч, 2.7 сая төгрөг болоод байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Харин өмнөх улирлаас 8500 төгрөгөөр буюу 0.3 хувиар буурчээ. Хэдийгээр эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа ч өрхийн бодит орлого өсөхгүй, эсрэгээрээ буурах нь бодлогын алдаа гэж эдийн засагчид шүүмжилж буй.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлтийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт 7.3 хувьтай гарсан ч инфляц жилийн дүнгээр 13.4 хувьтай байгаа нь өрхийн бодит орлогын өсөлтийг хязгаарлаж байна.

Бодит мөнгөн орлого III улиралд 2.6 сая төгрөг буюу нийт орлогын 94.1 хувийг, мөнгөн бус орлого 161.6 мянган төгрөг буюу 5.9 хувийг бүрдүүлсэн байна.
Тайлант хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн орлого 0.9 хувиар, хөрөнгийн орлого 65.8 хувиар буурсан нь өрхийн мөнгөн орлого буурахад нөлөөлжээ. Улсын хэмжээнд 1.1 сая төгрөгөөс доош орлоготой 95 мянга орчим өрх байгаа нь нийт өрхийн 8.6 хувийг эзэлж байна. Мөн 1.1-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 21.1 хувийг эзэлж байгаа аж.

III улирлын байдлаар сард 1.1 сая төгрөг хүртэлх орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 83.5 хувийг, 1.1- 1.6 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 67.1 хувийг, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 52.5 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн
орлого бүрдүүлжээ.
Үүнээс гадна өрхийн сарын дундаж бодит нийт зарлага 144.8 мянган төгрөгөөр буюу 5.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлага 2.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 140.2 мянган төгрөгөөр буюу 5.5 хувиар, өмнөх улирлаас 6.6 мянган төгрөгөөр буюу 0.3 хувиар буурчээ.

Хүнсний бус бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын зардал 7.2 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлсэн байна. Харин хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтын зардал хоёр хувиар өсжээ. Нэг өрх сард дунджаар хүнсний бүтээгдэхүүнд 873 мянган төгрөг зарцуулж байгаагийн 79 хувийг хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтад зарцуулсан байна. Үүний дотор сард 1.1-1.6 сая төгрөг хүртэлх зарлагатай өрхийн 34-38 хувийг хүнсний бүтээгдэхүүний зардал эзэлж байгаа аж.
Хүнсний инфляц 10 дугаар сард улсын дунджаар 19.8 хувь, баруун бүсийн аймгуудад 25.1 хувь хүртэл эрчимжсэн үзүүлэлттэй байна.
Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт нь нийт орлогынхоо 40 шахам хувийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулж буй бага орлоготой өрхүүдэд ихээхэн дарамт болж байгаа юм.