
Зургийг: С.Батсайхан
“Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөгийг хувь дансанд нь шилжүүлэх тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгууллаа. Одоогийн хуулиар Үндэсний баялгийн сангийн харьяанд байгаа уул уурхайн компаниудын ногдол ашгийг Баялгийн санд хуримтлуулж, тодорхой зориулалтаар зарцуулах зохицуулалттай.
Ногдол ашгийг иргэдийн дансанд олгох нийтийн өргөдөлд 10 хоногийн дотор 100 мянга гаруй хүн гарын үсэг зурснаас 71.9 мянга нь эмэгтэйчүүд, мөн дийлэнх нь 20-44 насныхан байсныг Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
“Оюу Толгой” ХХК-иас ирэх онд гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг гурван үе шаттай олгохоор төлөвлөгөө гарган ажиллаж буйгаа албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Хэлэлцээрийн баг удахгүй ирнэ гэдгийг Сангийн сайд тодотголоо.
Гурван их наяд төгрөгийг бэлэн мөнгөөр тараавал 2027 оны эцсээр инфляцад 1-1.8 нэгж хувийн нөлөө үзүүлнэ гэсэн төсөөлөлтэй байгааг Монголбанк онцолж байв.