
Зургийг: M bank
БНСУ-ын “КакаоБанк” дотоодын анхны бүрэн дижитал банк болох “М банк”-ны хувьцааны 15 хувийг эзэмших гэрээнд гарын үсэг зурлаа. Дээрх түншлэлийн хүрээнд “М банк” дижитал үйлчилгээ, зээлийн эрсдэлийн үнэлгээндээ “КакаоБанк”-ны технологи, туршлагыг нэвтрүүлж, иргэд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүргэх санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохоо онцолж байна.
Мөн хамтын ажиллагааны өөр нэг онцлох чиглэл бол зээлийн түүх багатай эсвэл огт зээлийн түүхгүй иргэдийн төлбөрийн чадварыг үнэлэх ажлыг эхлүүлэх явдал юм. Талууд “КакаоБанк”-ны БНСУ-д хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан зээлийн оноо тооцох илүү уян хатан тогтолцоо нэвтрүүлнэ. Ингэснээр зээлийн түүхээрээ үнэлүүлэх боломж хязгаарлагдмал иргэдэд санхүүжилт авах шинэ боломж нээгдэнэ гэж тодотгосон.
“М банк”-ны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн “Энэхүү түншлэл банкны санхүүгийн чадавхыг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх суурь болно” гэж онцолсон бол “КакаоБанк”-ны Гүйцэтгэх захирал Юн Хо Юнг “Хоёр банк дижитал санхүүгийн чадавхаа нэгтгэснээр олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх шинэ боломж бүрдэнэ” гэж мэдэгдлээ.
“КакаоБанк” нь дэлхийн шилдэг таван дижитал банкны нэг төдийгүй өдгөө 27 сая гаруй харилцагчтай, хөрөнгийн хэмжээ нь 60 тэрбум ам.доллар орчимд хүрээд байгаа аж. Тус банк Зүүн Өмнөд Азийн орнуудтай стратегийн түншлэлээ өргөжүүлж, технологи, инновацын эко системийг бий болгох зорилгоор Тайландын “BankX”, Индонезийн “Superbank” зэрэг банктай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм.
Харин “M банк”-ийг Төв Азид үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөний гол гүүр болно гэж үзэж, олон улс дахь гурав дахь томоохон стратегийн түншээрээ сонгосныг онцоллоо.