
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- “Nvidia” компанийн үүсгэн байгуулагч Женсен Хуан албан тушаалаасаа огцорсноос хойших анхны компанийн санхүүгийн тайлангаа танилцуулав. Энэ үеэр тус компани хөрөнгө оруулагчдад Женсен Хуан эргэн томилогдохгүй бөгөөд компани түүний оролцоогүйгээр ч амжилттай ажиллаж чадна гэдгийг мэдэгдэхийг зорилоо.
Дэлхийд чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Nvidia” компани ирэх жилийн борлуулалтын таамгаа нэмэгдүүлж, үйлдвэрлэлд шаардлагатай чухал эд ангиудын нийлүүлэлтийг сайжруулахаа амласан юм. Үүний зэрэгцээ Женсен Хуан удирдлагын албан тушаалд эргэн ирж магадгүй гэсэн таамгийг няцаалаа. Түүнчлэн хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийнхөө хэмжээг 150 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн байна.
Хөрөнгө оруулагчид дээрх мэдэгдэлд эерэг хариу үзүүлсэн юм. Арилжааны эхэнд бага зэрэг хэлбэлзсэний дараа тус компанийн хувьцааны ханш уртасгасан арилжаагаар 5.4 хүртэлх хувиар өслөө.

Мөн "Nvidia" шаардлагатай эд ангиудын нийлүүлэлтийг баталгаажуулахын тулд авч буй арга хэмжээнүүдээ танилцуулсан юм. Энэ хүрээнд "Kinsus Interconnect Technology Corp." болон "Samsung Electro-Mechanics Co." зэрэг нийлүүлэгчдэд өгөх захиалга, санхүүгийн амлалтаа өргөжүүлсэн байна.
“Nvidia”-ийн мэдээлснээр компанийн ирэх санхүүгийн жилийн борлуулалтын орлого 75 хувиар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх төсөөллөөс өссөн үзүүлэлт боллоо. Мөн санхүүгийн жилийн IV улирлын борлуулалтаа 130 тэрбум орчим ам.доллар хүргэхээр тооцоолсон нь шинжээчдийн дундаж таамгаас 3.7 хувиар өндөр үзүүлэлт болж байна.

Тус компанийн борлуулалтын орлогын хамгийн том эх үүсвэр болох дата төвийн бизнесийн борлуулалт аравдугаар сарын 25-нд эцэслэсэн III улиралд хоёр дахин нэмэгдэж, 107.6 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь шинжээчдийн дундаж таамгаас 5.5 хувиар өндөр үзүүлэлт юм.
Тайлант улиралд нийт борлуулалт нь 103 хувиар өсөж, 115.8 тэрбум ам.доллар хүрсэн байна. Түүнчлэн тодорхой зардлуудыг хассан нэгж хувьцаанд ногдох ашиг 2.68 ам.доллар байсан нь мөн л шинжээчдийн хүлээлтийг давлаа.