
Зургийг: С.Батсайхан
Евро-92 стандартын автобензинийг хэрэглэснээр автомашинаас ялгарах хүхэрлэг хийн хэмжээг 98 хүртэлх хувиар бууруулах боломжтойг Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ. Евро-92 болон энгийн АИ-92 автобензин нь агаар бохирдуулагч хорт хийн хэмжээгээр ялгарч байгааг тодотгож байна. Тухайлбал: автобензин нь К-1, 2, 3, 4, 5 гэсэн ангиллуудын дагуу ангилал ахих тусам хорт хийн агууламжийн стандарт нь чангардаг. Монголд худалдаалж буй энгийн АИ-92 нь голчлон Евро-2 буюу К-2 ангилалд багтдаг. Харин Евро-92 нь Евро-5 буюу К-5 ангилалд хамаардгаас харахад чанарын стандарт харьцангуй өндөр байна.
Евро-92 бензинийг хэрэглэснээр хамгийн их буурах боломжтой хий бол хүхэрлэг хий. Энэ нь автобензин болон нүүрс шатахад ялгардаг, өвлийн улиралд амьсгалын замыг цочроодог, хурц үнэртэй хий. Энгийн АИ-92 автобензиний хүхрийн агууламжийн зөвшөөрөгдсөн дээд хязгаар 500PPM байдаг бол Евро-92-ынх 10PPM буюу 50 дахин бага байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 28.9 хувь нь автомашинаас үүдэлтэй боловч Улаанбаатарын автомашинаас ялгардаг хүхэрлэг хийн хэмжээ нийт хүхэрлэг хийн 3.8 хувийг л эзэлдэг гэж JICA-ийн судалгаанд тодотгожээ. Евро-5 руу шилжсэн тохиолдолд Улаанбаатарын хүхэрлэг хийн хэмжээ 3.7 хувиар л буурах боломжтой байна.
Харин нүүрстөрөгчийн дутуу ислийн зөвшөөрөгдөх хэмжээ 56.5 хувь, шатаагүй нүүрс устөрөгчийнх 80 хувиар буурах боломжтой аж. Улаанбаатарын өвлийн PM2.5 тоосонцрын 8.1 хувийг автомашины шууд ялгарал эзэлдэг нь тээврийн хэрэгслийн утааг бууруулахад тодорхой боломж байгааг харуулж байна.