
Зургийг: Шатахууны Шуурхай штабын мэдээлэл
Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлав. Евро-3 болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний жижиглэн худалдааны үнийг хилийн үнэтэй уялдуулан литр тутамд 1000 хүртэл төгрөгөөр, АИ-92 автобензиний үнийг 150 төгрөгөөр бууруулах зохицуулалтыг шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх аж.
Дэлхийн зах зээлд ирэх саруудад шатахууны үнэ буурах хүлээлттэй байгаагаас шатахууны үнийг он дуустал, цаашлаад I-III сар хүртэл үргэлжлүүлэн бууруулахаар төлөвлөжээ.
Мөн 2027 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл хангах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, бэлэн байдлыг сайжруулах, хомсдол үүсэхээс сэргийлэх зорилгоор нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэглээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 1.7 сая тонноос 3.1 сая тонн болж өсжээ. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагаа өргөжиж, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, тээвэрлэлт эрчимжсэн, автомашины импорт болон хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойг Аж үйлдвэр, эрдэс Баялгийн яам тодотгож байв.
Автобензиний сарын хэрэглээ улсын хэмжээнд ердийн үед 70 мянган тонн орчим байдаг бол зуны улиралд сардаа 100 мянган тонн хүрдэг. Тиймээс шатахууны хангамжаа зөвхөн нэг улсаас хамааралтай байлгахгүй байх, өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах зорилгоор импортын эх үүсвэрээ төрөлжүүлж, БНХАУ, Казахстан болон БНСУ-аас Евро-5 стандартын шатахуун татан авах ажлыг хэрэгжүүлж буйг салбарын яам мэдээлсэн юм. Тухайлбал: 11 дүгээр сард ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан улсаас нийт 92.5 мянган тонн шатахуун захиалсан байна.
Монгол Улс нийт шатахууны 97 орчим хувийг ОХУ-аас импортолж авдаг бөгөөд долоодугаар сард 47 мянган тонн, наймдугаар сард 67 мянган тонн, есдүгээр сард 64 мянган тонн, аравдугаар сард 57 мянган тонн шатахуун импортолсон бол 11 дүгээр сард 70 мянган тонныг авахаар баталгаажуулаад байгаа аж.
11 сар гарсаар шатахууны нийлүүлэлт харьцангуй тогтворжиж, 90 мянган литр шатахуун импортлоод байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ.