
Зургийг: mongolia-energy.cn
Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” “New Progress групп”-тэй хамтран Хөшөөтийн нүүрс тээврийн зам дагуу сэргээгдэх эрчим хүч, цахилгаан ачааны автомашины цэнэглэх дэд бүтэц байгуулахаар тохиролцлоо. Талууд 11 дүгээр сарын 18-нд байгуулсан гэрээний дагуу эхний ээлжид нийт 4.5 сая ам.долларын хөрөнгө оруулж, нүүрс тээврийг цахилгаанжуулахад шаардлагатай эрчим хүчний хангамжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Төслийг Монголд бүртгэлтэй “Western Solar Energy” компани хэрэгжүүлнэ. Тус компанийн 51 хувийг “New Progress групп”, 49 хувийг “Mongolia Energy Corporation”-ийн Британийн Виржинийн арлуудад шинээр байгуулах “BVI New co” охин компани эзэмших бөгөөд талууд тус бүр 2.2 сая гаруй ам.долларын санхүүжилт гаргах юм.
Түншлэлийн хүрээнд Хөшөөтийн уурхайг БНХАУ-ын Шинжааны хилтэй холбосон ойролцоогоор 330 км үргэлжлэх авто зам дагуух гурван байршилд нарны цахилгаан станц, батарей хуримтлуур болон цэнэглэх станц байгуулахаар төлөвлөжээ. Цэнэглэх станц тус бүр дөрвөн холболтын цэгтэй, батарей хуримтлуур тус бүр 7.5 МВт.ц багтаамжтай байх юм. Ингэснээр нарны эрчим хүч үйлдвэрлэн хуримтлуулж, Монголын тээврийн компаниудын хүнд даацын цахилгаан автомашинд нийлүүлэх боломж бүрдэнэ гэж онцоллоо.
“Mongolia Energy Corporation”-ийн охин компани “МоЭнКо” ХХК-ийн олборлосон нүүрсийг Хөшөөтийн замаар БНХАУ-ын боловсруулах үйлдвэрүүдэд хүргэдэг. Иймд цэнэглэх дэд бүтэц байгуулснаар тээвэрлэгчдийн цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, тээврийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулахыг зорьж байна. Мөн урт хугацаанд логистикийн зардлыг багасгах, сэргээгдэх эрчим хүчний борлуулалтаас нэмэлт орлого олох боломжтой гэж үзэж буйг тодотголоо.
Шинэ хамтарсан компанийн гэрээг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлүүдийг талууд 2026 оны 12 дугаар сарын 31-ний дотор хангах ёстой бөгөөд хугацааг сунгахаар тохиролцоогүй тохиолдолд гэрээ автоматаар цуцлагдана гэдгийг Хонконгийн Хөрөнгийн биржид хүргүүлсэн мэдэгдэлдээ дурдсан байна. Хөшөөтийн зам дагуух станцуудыг ашиглалтад оруулах товыг мэдээлсэнгүй.
Харин төслийн 51 хувийг эзэмших “New Progress групп” сэргээгдэх эрчим хүчний салбарт өмнө нь төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай. Тус групп “Ховд эко цемент” үйлдвэрийн дэргэд найман МВт хүртэл өргөтгөсөн нарны цахилгаан станц ажиллуулдаг бөгөөд тус байршлын батарей хуримтлуурыг энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.