
Зургийг: mining.com
Уул уурхайн тэрбумтан Роберт Фридландын хөрөнгө оруулалттай “Ivanhoe Electric” компани АНУ-ын Аризона мужийн зүүн өмнөд хэсэгт орших “Gleeson” төсөлдөө зэс, алт, мөнгөний өндөр агуулгатай эрдэсжилтийн хоёр бүс илрүүлснийг Mining.com мэдээллээ. Ингэснээр тус төслийг хайгуулын ажлынхаа тэргүүлэх чиглэл болгосныг онцлов. Тухайлбал: 601.7 метрийн гүнээс эхлэх 123.6 метрийн огтлолд зэсийн агуулга 0.91 хувь, алтных тонн тутамд 0.44 грамм, мөнгөнийх 5.27 грамм байсныг тодотгосон байна. Түүнчлэн үүний доторх 71.03 метрийн огтлолд зэсийн агуулга 1.38 хувь, алтных тонн тутамд 0.52 грамм, мөнгөнийх 6.73 грамм хүрч байсныг илрүүлснийг мэдээлжээ.
“Өрөмдлөгийн эхний үр дүн сүүлийн 10 жилд АНУ-ын баруун бүсэд илрүүлсэн зэс, алт, мөнгөний эрдэсжилтийн хамгийн сайн үзүүлэлтийн нэг боллоо” гэж тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Роберт Фридланд, Гүйцэтгэх захирал Тейлор Мелвин нар хамтарсан мэдэгдэлдээ онцолсон байна.
Аризонагийн уул уурхайн түүхэн бүс болох Бисбигээс хойд зүгт ойролцоогоор 45 километрийн зайд орших энэхүү нээлт нь компанийн өсөлтийг дэмжих бас нэгэн боломж болж байна. Мөн “Ivanhoe Electric” Каса-Гранде хотын ойролцоох “Santa Cruz” зэсийн төслийн хүрээнд АНУ-д цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Энэхүү мэдээлэл зэсийн үнэ эрс буурсан үетэй давхацлаа.
Лондоны Металлын биржид зэсийн үнэ энэ долоо хоногт зургаа орчим хувиар унаж, тонн тутамдаа 12,471 ам.доллар болсон нь дөрөвдүгээр сараас хойших доод түвшин юм. Хөрөнгө оруулагчид хиймэл оюуны хөгжлөөс үүдэх эрэлтийн өсөлт болон АНУ цэвэршүүлсэн зэсэд импортын тариф ногдуулж болзошгүй гэсэн хүлээлтэд тулгуурлан арилжаанд оролцох байр сууриа бууруулж байна.
Тэрбумтан хөрөнгө оруулагч Стэн Дракенмиллер зэсийн зах зээлийн төлөвийг сөргөөр үнэлэх болсноор борлуулалт улам эрчимжээд байгаа юм.