
Зургийг: Bloomberg TV Mongolia
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2027 онд үл ялиг эрчимжиж, бодит өсөлт зургаа орчим хувьд хадгалагдана гэх төсөөллийг “ХААН Банк” ХК танилцууллаа. Уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг дэмжих гол салбар хэвээр байна. Үүний зэрэгцээ төсвийн зарцуулалт нэмэгдэх, өрхийн орлого аажмаар сэргэснээр дотоод эрэлтийг дэмжинэ. Улмаар 2026 онд сул өсөлттэй байгаа уул уурхайн бус салбаруудыг дэмжих төлөвтэйг онцоллоо.

Хэдий тийм боловч төсвийн хэт тэлэлт нь инфляцын дарамтыг үргэлжлүүлж, мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжийг хязгаарлаж болзошгүй. Төв банк мөнгөний хатуу бодлого тууштай хэрэгжүүлж байгаагаас банкны салбарын зээлийн өсөлт саарч, санхүүжилтийн нөхцөл чангарсан.
“ХААН Банк” ХК эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хувь нэмрээ оруулах хүрээнд тогтвортой хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарт эдийн засгийг кластераар нь хөгжүүлэхэд стратегиа чиглүүлж буй. Энэхүү стратегийн дагуу 2027 онд нийт зээлийн 57 хувь буюу 11 их наяд төгрөгийг бизнесийн зээлд олгоно. 2026 оны хувьд 9.5 их наяд төгрөг буюу нийт зээлийн 56 хувийг бизнесийн зээл болгон олгож байгааг “ХААН Банк” ХК тодотголоо.
Харин гадаад эрсдэл талаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, шатахууны нийлүүлэлтийн тасалдал болон цаг агаарын таагүй нөхцөл зэрэг нь макро үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Мөн ирэх хоёр жилд дараалсан сонгууль хүлээгдэж буйтай холбоотойгоор дотоод орчны тодорхойгүй байдал нэмэгдэж, төгрөгийн ханшид ирэх дарамтыг нэмэгдүүлнэ гэж “ХААН Банк” ХК-ийн танилцуулсан төсөөлөлд дурдав. Суурь төсөөллөөр 2027 оны эцэс гэхэд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 4.2 орчим хувиар суларч, 3773 төгрөг хүрэх хүлээлттэй байгааг тодотголоо.