
Зургийг: tdbm.mn
Иргэдийн зээлийн мэдээлэлд уян хатан зохицуулалт хийж буй ч нөгөө талдаа иргэдийн санхүүгийн сахилга бат, боловсролд анхаарах шаардлагатай. Банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудын өр, орлогын харьцаанд тавьж буй шаардлага ялгаатай байгаа нь иргэдийг богино хугацаатай, өндөр хүүтэй зээл авах нөхцөл бүрдүүлж байгааг эдийн засагчид онцолж байна.
Зээлийн мэдээллийн журмыг шинэчилж, 1.5 сая төгрөг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж барагдуулсан иргэний зээлийн ангилал хэвийн болгон өөрчлөхөөр болж байна. Ингэснээр хугацаа хэтэрсэн зээлийн бүртгэлтэй 620 мянга гаруй иргэний мэдээлэл хэвийн ангилалд шилжихээр болж байгаа юм.
Мөн гар утас, интернэт, цахилгаан, дулаан, усны төлбөрийн хугацаа хэтэрсэн өрийн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлөхгүй болж байна. Үүнд 310 мянга гаруй иргэний зээлийн оноо хамаарч байгаа аж.
Банкны салбарын өр, орлогын харьцаанд хамаардаг хэрэглээний зээлийн чанаргүй зээл есдүгээр сарын байдлаар 9.1 хувьд хүрч, 2025 оны эхнээс хоёр дахин өсжээ. Харин Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт зээлийн үлдэгдэлд эзлэх чанаргүй зээл 9.4 хувь, тэр дундаа цахим зээлийн чанаргүйдэл 11.4 хувьд хүрснийг Санхүүгийн Зохицуулах Хорооны сүүлийн тайлан харуулж байна. Мөн сүүлд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос макро зохистой бодлогын шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлтэй холбоотой зохицуулалт хийгээд байгаа юм.