
Зургийг: tmkenergy.com.au
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн LF-02, LF-03 цооногийн шинэчлэлийг дуусгаж, дахин ажиллуулж эхэлснээ мэдээллээ. Мөн 2026 оны ажлын хөтөлбөрт багтсан цорын ганц шинэ туршилтын цооног болох LF-08-ийн өрөмдлөгийг энэ долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөжээ.
Шинэчилсэн хоёр цооногт бага диаметртэй бэхэлгээний хоолой, ажиллагааны нөхцөлд нь тохирсон жижиг насос суурилуулсан байна. Цооногуудыг дахин ажиллуулснаар ус, хийг газрын гадаргад гаргах боломжтойг баталгаажуулсан ч шинэчлэлийн эцсийн үр дүнг ирэх саруудад үнэлэхийг тус компани тодотголоо.
Энэ онд LF-06 цооногт мөн ижил шинэчлэл хийх бөгөөд үр дүнд нь үндэслэн үлдсэн гурван цооногийг шинэчлэх эсэхээ шийдэхээ дурдсан байна.
Үүнээс гадна LF-08 цооногийн өрмийн төхөөрөмжийг угсарч, чиглүүлэгч хоолойг суурилуулсан бөгөөд өрөмдлөгийн баг ирмэгц ажлыг эхлүүлэхээр бэлтгэжээ. Өрөмдлөгийг эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дотор дуусгаж, удалгүй олборлолтод оруулахаар төлөвлөсөн байна. Дээрх цооногийн үр дүн 2027 оны үнэлгээний хөтөлбөрийг боловсруулахад чухал нөлөөтэйг “TMK Energy” онцоллоо.
“TMK Energy”-ийн Гүйцэтгэх захирал Дуглас Фергюсон "2026 оны ажлын хөтөлбөрийн санхүүжилт бүрэн бүрдсэн хэвээрээ байгаа. Бид хөтөлбөрөө дуусгаж, энэ онд төслийг арилжааны үндсэн дээр ашиглах боломжтойг нотлох зорилтдоо хүрэхээр үргэлжлүүлэн ажиллаж, 2027 онд үнэлгээний үе шатанд шилжихээр төлөвлөж байна” гэж мэдэгдлээ.