
Зургийг: southgobi.com
“SouthGobi Resources” компани 6.1 сая ам.долларын хуримтлагдсан хүүгийн өр төлбөрөө барагдуулахын тулд нэмэлт хувьцаа гаргахаар болсноо мэдэгдлээ.
Энэ сарын 20-нд Хонконгийн Хөрөнгийн биржид хүргүүлсэн мэдэгдлээс харахад тус компани 2009 онд гаргаж байсан 250 сая ам.долларын хөрвөх өрийн бичгийн хүүгийн төлбөрийн оронд 26.14 сая ширхэг энгийн хувьцаа гаргаж “JD Zhixing Fund”-д шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ нь одоогоор эргэлтэд байгаа нийт энгийн хувьцааных нь ойролцоогоор 6.59 хувьтай тэнцэх дүн аж. Хувьцаа гаргах ажиллагаанд “TSX Venture” биржийн зөвшөөрөл шаардлагатай байгааг тодотгов.
Нэгж хувьцааны үнийг хүсэлт гаргахаас өмнөх 50 арилжааны өдрийн жигнэсэн дундаж ханш болох 0.3341 канад доллароор тооцоолжээ.
Хувьцаа эзэмшигчид болон боломжит хөрөнгө оруулагчдыг компанийн хувьцааг арилжаалахдаа болгоомжтой хандахыг Төлөөлөн Удирдах Зөвлөл нь зөвлөсөн байна.
Аудитлагдаагүй санхүүгийн үзүүлэлтээс нь харвал Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших "Овоот толгой" нүүрсний уурхайг эзэмшдэг “SouthGobi Resources” 2026 оны III улиралд 19.7 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласнаа мэдээлсэн юм. Өмнөх оны мөн үед долоон сая ам.долларын алдагдал хүлээж байсан тус компанийн борлуулалтын орлого тайлант хугацаанд 60.1 хувиар өсөж, 238.2 сая ам.доллар хүрсэн байна.
Нүүрсний борлуулалт нэмэгдэж, борлуулалтын дундаж үнэ өссөн нь санхүүгийн үр дүн сайжрахад голлон нөлөөлснийг онцолж буй. Тус компанийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 23.08 хувиар буурч, арилжааг хаасан байна.