
"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар нийт 320 мянган тонн нүүрсийг 37.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэх нөхцөлөөр арилжаалснаа мэдээллээ. Нийт 256 мянган тонн коксжих нүүрс 32.9 сая ам.доллароор арилжаалсан ба арилжаанд таван худалдан авагч компани оролцож, үнэ нь 31.7 хувиар өссөн байна. Мөн 64 мянган тонн эрчим хүчний нүүрс 4.82 сая ам.доллароор арилжаалагдсан ба зургаан худалдан авагч компани оролцож, үнэ нь 13.5 хувиар өссөнийг онцолжээ.
2026 он гарсаар энэ сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компани Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нийт 260 удаагийн арилжаагаар 17.9 сая тонн нүүрсийг 1.76 тэрбум ам.доллароор арилжаалаад байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад арилжаалсан нүүрсний хэмжээ нь 1.6 дахин өсөж, 17.9 сая тонн хүрсэн бол арилжааны үнийн дүн нь 2.5 дахин өсөж, 1.76 тэрбум ам.доллар хүрээд байна.
Үүнээс гадна Монголын Хөрөнгийн биржээр энэ онд арилжаалагдсан нүүрсний нийт үнийн дүн 12 их наяд төгрөг даваад буй нь өмнөх оны мөн үеэс 160 гаруй хувиар өссөн дүн боллоо. Биет хэмжээний хувьд 31.6 орчим сая тонн нүүрс арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 70 гаруй хувиар өсөөд байна. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны үнийн нийт дүн 14.9 их наяд төгрөг даваад байгаа бөгөөд үүний 80 гаруй хувийг нүүрсний арилжаа бүрдүүлж байна.