
Зургийг: С.Батсайхан
Нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн III улиралд 6.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өслөө. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн III улирлын хамгийн өндөр өсөлт болсныг Үндэсний статистикийн хорооны мэдээлэл харуулж байна.
Уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, барилгын салбарт хөдөлмөрийн бүтээмж өссөн бол үйлчилгээний салбарт 5.6 сая төгрөг болж, 3.6 хувиар буурчээ.

Нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн уул уурхайн салбарт 18.1 сая төгрөг байгаа нь бусад салбараас 3.3-4.5 дахин өндөр байна.
Уул уурхайн салбараас хэт хамааралтай эдийн засгийн өсөлт нь тээвэр зэрэг уул уурхайг дагасан салбаруудын өсөлтийг дэмжиж буй. Харин нийт өрхийн орлогод төдийлөн нөлөө үзүүлэхгүй байгааг эдийн засагчид хэлж байгаа юм. Мөн Засгийн газар бүтээмжийг нэмэгдүүлэхгүйгээр Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нийтээр нь нэмж буй нь үнийн өсөлтийг өдөөх нэг хүчин зүйл болохыг онцолж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2026 оны III улирлын байдлаар 59.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.1 нэгж хувиар буурлаа. 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 62.3 хувь буюу 1.5 сая хүн нь ажиллах хүч байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурсан бол үлдсэн 37.7 хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2023 оны IV улирлаас хойш 2.8 нэгж хүртэлх хувиар өссөн бол 2025 оны IV улирлаас хойш 0.1-1.7 нэгж хувиар буурчээ.
Мөн ажиллах хүчний оролцооны түвшин 2025 оны II улирлаас хойш 0.3-1.6 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүний зэрэгцээ ажилгүйдлийн түвшин өмнөх оны III улирлаас 0.3 хувиар буурч, 5.2 хувь болжээ. Ажилгүй иргэдийн 76.2 хувь нь ажил хайгаад олдохгүй гэсэн шалтгаантай байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.