
Зургийг: centralasia.media
Монгол Улс, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ. Эрдэмтэд пүрэв гарагт Москва хотноо хуралдаж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн тайланг ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өгсөн байна. Судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны 12 дугаар сард болох Засгийн газар хоорондын комисст танилцуулах юм.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын дүгнэлтэд Эгийн голын төслийн нийт өртгийг 3.7 их наяд төгрөг буюу ойролцоогоор 1.04 тэрбум ам.доллар гэж тооцоолсон бөгөөд 2032 онд хэрэгжүүлэхээр тооцоолжээ. Хэдий тийм боловч 2027 оны төсвийн төсөлд тус цахилгаан станцтай холбоотой ажил тусгагдаагүй байна.
Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хоёр улсын Байгаль орчны Сайд нарын 2024 онд гарын үсэг зурсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд дээрх төслийн үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх зорилгоор энэхүү ажлын хэсгийг байгуулсан юм.
Хоёр улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн баг судалгааны ажлыг хоёр жил хийж гүйцэтгэжээ. Ийнхүү "Монгол Улсын эрчим хүчний салбарт олон арван жил хүлээгдэж буй “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдэж байна" гэдгийг салбарын яам онцолж байна.