
Bloomberg TV Mongolia 2013 оноос эхлэн эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж буй оролцогчдыг тодруулах санаачилгыг эхлүүлж 2024 оноос Catalyst хэмээн шалгаруулах болсон. Эдийн засгийн бүтэц өөрчлөгдөхийн хэрээр бизнесийн оролцоо, хөрөнгө оруулалтын хэлбэр, өсөлтийг бий болгох хүчин зүйлс ч хувьсан өөрчлөгдөж байна. Ийнхүү 2026 оны эдийн засгийн Catalyst-уудыг 10 төрөлд нэр дэвшүүлэн шалгаруулж байна.
2013 онд Монгол Улсын нэрлэсэн ДНБ ₮19.1 их наяд, бодит өсөлт 11.6 хувь байсан бол 2025 онд нэрлэсэн ДНБ ₮89.9 их наяд хүрч, 4.7 дахин өссөн байна. “Bloomberg TV Mongolia” ТВ нь эдийн засгийн 14 жилийн түүхийг бичилцэж буйн хувьд “Catalyst”-уудыг тодруулахдаа улс орны макро эдийн засгийн суурь өгөгдлүүдийн өөрчлөлтийг тодорхойлохуйц шалгууруудыг харгалзан үздэг билээ.
2025 онд хөрөнгө оруулалт, инновац, тогтвортой хөгжил, дижитал шилжилт, манлайлал зэрэг найман төрлөөр Catalyst-уудыг шалгаруулсан бол энэ жил есөн төрөлд өргөжүүлж байна. Эдийн засгийн өсөлтийг зөвхөн хөрөнгө оруулалт, инновацаар бус, түүнийг бодит ажил хэрэг болгох засаглал, санхүүжилт, бизнесийн чадавх, манлайллаар үнэлэх нь зүйтэйг 2026 оны Catalyst-уудаас харж болно. Тухайлбал шинээр нэмэгдэж буй “Financial Adviser” нь компаниудын санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөхүүдийн үүргийг онцолж буйгаараа ач холбогдолтой.
Өмнөх жилийн “Innovation Catalyst”-аар маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг шинэ түвшинд гаргаж, хүнсний салбарын инновацыг хурдасгасан амжилтаар АПУ ХК-ийн Борлуулалт, маркетинг эрхэлсэн захирал Б.Цацрал тодорсон. Түүний удирдсан төслүүдийн хүрээнд сүүлийн гурван жилд АПУ ХК олон улсын 26 байгууллагатай хамтран зах зээлд шинээр 66 бүтээгдэхүүн гаргажээ. Мөн “POMA Mongolia”-ийн хэрэгжүүлсэн Дүүжин тээврийн төсөл 2025 оны “Investment Catalyst”-аар тодорч байв. Төсөлд Францын Засгийн газраас $60 саяын зээлийн санхүүжилт олгож байгаа нь зөвхөн нэг компанийн хөрөнгө оруулалт бус, хотын дэд бүтэц, нийтийн тээврийн шинэ шийдэлд чиглэсэн урт хугацааны санхүүжилтийн тод жишээ болж байгаа юм.
Эдийн засгийн тогтвортой өсөлтийг зөвхөн хөрөнгө оруулалтын хэмжээгээр бус, түүнийг бодит үнэ цэн болгон хувиргах олон талын чадвар, эх үүсвэр тодорхойлно. “Catalyst 2026” нь Монголын эдийн засгийн энэ өөрчлөлтийг урагшлуулж, өсөлтийн шинэ боломжийг бий болгож буй оролцогчдыг онцлон харуулна.