
Зургийг: Bloomberg TV Mongolia
“ЛэндМН ББСБ” ХК болон “Монложистикс групп” тээврийн төлбөрийг дижиталаар санхүүжүүлэх хамтын ажиллагаа эхлүүлээд байна. Энэ хүрээнд талууд “Тээврийн төлбөрөө “LendDy” буюу BNPL үйлчилгээгээр дамжуулан импортлогч, бизнес эрхлэгчдэд тээврийн зардлаа санхүүжүүлж, төлбөрөө уян хатан нөхцөлөөр төлөх боломж санал болгож буйг онцоллоо.
Энэхүү түншлэл нь бизнес эрхлэгчдийн богино хугацааны санхүүжилтийн хэрэгцээг хангаж, тээврийн төлбөрөөс шалтгаалсан бараа хүлээн авах саатлыг бууруулах, эргэлтийн хөрөнгийн удирдлагыг хөнгөвчлөхөд чиглэж байна. Мөн бараа татан авалт, ажилтны цалин, түрээс зэрэг үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд “FlexiBusiness” барьцаагүй зээлийн шугамыг санал болгож байгаа юм. “ЛэндМН” ББСБ ХК 2026 оны тавдугаар сард тус бүтээгдэхүүнийхээ компаниудад зориулсан хувилбарыг нэвтрүүлсэн бөгөөд бизнесүүд “e-lend.mn” сайтаар дансаа холбон зээлийн эрхээ тооцоолуулах, зээл авах, эргэн төлөх үйл явцыг бүрэн цахимаар шийдвэрлэх боломжтой болсныг тодотгов.
Тус компанийн мэдээлснээр 2026 оны эхний хагас жилд “FlexiBusiness” бүтээгдэхүүнээр 15 мянга гаруй хувиараа бизнес эрхлэгчийг санхүүжүүлсэн байна. Тус компанийн танилцуулсан үзүүлэлтээр санхүүжилт авсан бизнес эрхлэгчдийн 93 хувь нь борлуулалтын орлогоо өсгөж, 38 хувь нь шинээр ажлын байр бий болгожээ.
Цаашид талууд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, харилцагчдынхаа өсөлтийг дэмжих төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Мөн “LendDy” үйлчилгээний хамрах хүрээг тэлж, бизнесийн өдөр тутмын зардлыг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр зорьж буйг онцоллоо.