
Зургийг: energy.gov.mn
Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумын заагт байрлах Байдрагийн 30 мегаваттын усан цахилгаан станцын төсөлд Кувейтийн сан хөрөнгө оруулахыг Эрчим хүчний яам мэдээллээ.
Нийт хөрөнгө оруулалт 53.3 сая ам.доллар болохоос Кувейтийн сангаас 48.1 сая ам.долларын зээл санал болгосон байна. Жилийн 2.5 хувийн хүү дээр 0.5 хувийн хураамж нэмэгдэж, 20 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй байх аж. Барилга угсралтын ажлыг таван жилийн дотор гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Баянхонгор аймгийн зарим сумын эрчим хүчний хэрэгцээг ОХУ-аас импортоор хангадаг. Төсөл хэрэгжсэнээр жилд 58.9 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төв болон сумдын цахилгаан эрчим хүчний хангамж сайжирна. Мөн төвийн бүсийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн хүрээнд Байдраг гол дээр ойролцоогоор 400 сая шоо метр багтаамжтай, 16.5 км² усан мандлын талбай бүхий хиймэл нуур байгуулна. Энэ нь усны нөөцийг хуримтлуулж, зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна усалгаатай газар тариалан, загас үржүүлэг, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Эрчим хүчний хангамжаас гадна Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна.