
Зургийг: Jure Makovec/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- ОХУ Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш Зүүн Европын орнууд эрчим хүчний хараат байдлаа бууруулах зорилгоор цөмийн эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж байна. Бүс нутгийн есөн улс ирэх 20 жилийн хугацаанд хамгийн багадаа 185 тэрбум евро буюу 207 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар 18 хүртэлх шинэ цөмийн реактор барихаар төлөвлөжээ. Францын “Électricité de France”, БНСУ-ын “Korea Hydro & Nuclear Power” зэрэг компани төслүүдийн сонгон шалгаруулалтад өрсөлдөж буй ч АНУ-ын “Westinghouse Electric” компани тус зах зээлд давуу байр суурь эзэлж байна.
Европын Холбоо ОХУ-ын газрын тос, байгалийн хий, нүүрснээс хамаарах хамаарлаа аль болох богино хугацаанд арилгахын зэрэгцээ тус улсын Төрийн өмчит цөмийн эрчим хүчний “Росатом” корпорацаас хараат байдлаа бууруулах бодлого баримталж байна. Энэ хүрээнд Чех, Словак, Болгар улс “Westinghouse” компанитай цөмийн түлш нийлүүлэх гэрээ хэдийн байгуулжээ. Хэдий тийм боловч Европын ураны нийлүүлэлт ОХУ-ын нийлүүлэлтийн сүлжээнээс бүрэн ангижраагүй хэвээр байна.
“Euratom” агентлагийн сүүлийн үеийн мэдээллээр 2025 онд Европын Холбооны цөмийн реакторуудад шаардлагатай баяжуулсан ураны тавны нэгээс илүү хувийг Кремлийн хяналтад байдаг компаниуд нийлүүлжээ.

Польш улс анхны цөмийн цахилгаан станцаа барих түншээр АНУ-ын “Westinghouse” компанийг сонгосон бол Болгар улс тус компанийн AP1000 загварын хоёр реактор барихаар хамтран ажиллаж байна. Словак, Словени улс мөн тус компаниас реактор захиалах боломжийг судалж байгаа юм.
Харин Чех улс БНСУ-ын "KHNP" компанийг сонгож, Румын улс АНУ-ын “Fluor” болон Канадын “Candu Energy” компаниудтай гэрээ байгуулжээ. Унгарын шинэ Засгийн газар “Росатом”-той өмнө нь байгуулсан гэрээгээ эргэн хянаж байгаа бөгөөд барилгын үндсэн ажил эхлэхээс өмнө гэрээнээс гарах боломжтой ч санхүүгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна.
Цөмийн эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд мэргэшсэн ажиллах хүчний хомсдол, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн хязгаарлалт, санхүүжилт гол сорилт болж байна.
Словенийн Кршко цөмийн цахилгаан станцын Хяналтын зөвлөлийн дэд Ерөнхийлөгч Станислав Розманы үзэж буйгаар инженер, зохицуулалтын мэргэжилтэн, гэрээт гүйцэтгэгч, цөмийн салбарын мэргэшсэн гагнуурчин, угсрагчдын хомсдол төслүүдийн хэрэгжилтийг удаашруулж болзошгүй байгаа аж. Европын Комиссын 2025 оны үнэлгээгээр 2050 он гэхэд тус салбарт нэмэлтээр 180-250 мянган мэргэжилтэн шаардлагатай байна. “Westinghouse” компани төслүүдээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд дотоодын ханган нийлүүлэгчид болон мэргэжилтнүүдийг төслийн эхний үе шатнаас татан оролцуулахыг чухалчилж байгаагаа мэдэгджээ.
Цөмийн эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт удаашрах нь барилга угсралтын болон санхүүжилтийн зардлыг нэмэгдүүлдэг. Оксфордын их сургуулийн судлаачид 370 реакторын төслийн мэдээлэлд үндэслэн тооцоолоход цөмийн төслүүдийн өртөг анхны төсвөөс дунджаар 117 хувиар хэтэрч, хэрэгжих хугацаа төлөвлөснөөс 65 хувиар уртасдаг байна. Мөн нийт төслийн 40 хувь нь бүрэн цуцлагддаг болохыг судалгаагаар тогтоожээ. Судлаач Александр Будзиер цөмийн эрчим хүчний төслүүдийн хувьд төсөв хэтрэх, хэрэгжилт ихээхэн хугацаагаар саатах нь түгээмэл байдгийг онцолсон байна.
Хэдийгээр санхүүжилт, нийлүүлэлт, ажиллах хүчний сорилтууд тулгарч буй ч Зүүн Европын орнууд цөмийн эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Словак улс Моховце цахилгаан станцын дөрөв дэх реакторыг цахилгаан сүлжээнд холбосноор нийт цахилгаан үйлдвэрлэлд цөмийн эрчим хүчний эзлэх хувиар дэлхийд тэргүүлэх төлөвтэй байна. Түүнчлэн Ясловске Богунице станцад АНУ-ын технологид суурилсан анхны реактороо барихаар төлөвлөжээ.