
Зургийг: С.Батсайхан
Улсын хэмжээнд оны эхний есөн сард барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.6 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 29.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өсөлтийн голлох хэсгийг дотоодын барилгын компаниудын гүйцэтгэл бүрдүүлсэн бөгөөд энэ төрлийн ажил 10.4 их наяд төгрөг хүрч, жилийн дүнгээр 21 хувиар нэмэгдсэн байна.

Орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл 5.45 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр буюу 66.7 хувиар өсжээ. Ингэснээр нийт барилга угсралт, их засварын ажилд орон сууцны барилгын эзлэх хувь 47 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 10.4 нэгж хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Харин орон сууцны бус барилгын ажлын гүйцэтгэл 2.6 орчим их наяд төгрөг болж, жилийн дүнгээр 0.9 хувиар буурлаа. Үүнд үйлдвэрийн барилгын ажлын гүйцэтгэл 21.6 хувиар агшсан нь голлон нөлөөлсөн байна.