
Зургийг: С.Батсайхан
2026-2027 оны өвлийн оргил ачаалал төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1956 МВт хүрэх тооцоололтой байна. Чадлын дутагдлыг БНХАУ-аас 80 МВт-ыг импортлохоос гадна шинээр ашиглалтад орох Сүхбаатарын 70 МВт-ын дулааны цахилгаан станцаас хангахаар төлөвлөж буйг Засгийн газар мэдээллээ.
Энэ өвөл цахилгааны хэрэглээ 120-150 МВт-аар өсөх төлөвтэй байна. Үйлдвэрлэх хүчин чадал, хэрэглээ бараг тэнцэж, нөөц тоноглолгүй ажиллах эрсдэлтэй байгааг тодотгожээ.
“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК одоогоор найман зуух, долоон турбинтэй, 772 МВт цахилгааныг төвийн эрчим хүчний нэгдсэн системд, 1586 гигакалори цаг дулааны эрчим хүчийг Улаанбаатарын дулаан хангамжийн системд нийлүүлж байна. Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 54 хувийг тус тус хангаж байна.
“Дулааны III цахилгаан станц” ТӨХК -ийн хувьд 13 зуух, долоон турбинтэй, 123 МВт цахилгааны, 585 гигакалори цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 10 хувийг, Улаанбаатарын дулааны эрчим хүчний хэрэглээний 24 хувийг тус тус хангадаг.
Улсын хэмжээнд эрчим хүчний салбарын 46 компанийн өвөлжилтийн бэлтгэл 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг Эрчим хүчний яам мэдээлж байна.
Үүнээс гадна Дарханы Дулааны цахилгаан станцад гарсан гэмтлийг арилгаж, хэвийн горимд шилжүүлснийг салбарын яам мэдээллээ.