
Зургийг: Al Drago/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Холбооны Нөөцийн банк лхагва гарагт болсон ээлжит хурлаараа 10:2 саналаар бодлогын хүүг 3.75-4 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Хэдий тийм боловч АНУ-ын Төв банкны тэргүүн Кевин Уорш энэ онд бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх байр суурьтаа хэвээр байгаа гэсэн дохио өгөв.

Кевин Уоршийн хувьд урьдын адилаар мөнгөний бодлогын цаашдын чиглэлийн талаар тодорхой заавар өгөхөөс татгалзжээ. Тэрбээр АНУ-ын эдийн засаг тогтвортой байгааг онцлоод, инфляц өндөр түвшинд хэвээр байгааг анхааруулсан нь мөнгөний бодлогыг хатууруулах арга хэмжээ хараахан дуусаагүйг харуулж байна.
Лхагва гарагт бодлогын хүүг хэвээр үлдээсний дараа албаныхан 12 дугаар сард зээлийн өртгийг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлтийг бататгаж, 2027 оны эхээр дахин нэг удаа өсгөх боломжтой гэсэн дохио өгсөн юм.

АНУ-ын эдийн засгийн өсөлт III улиралд гурван хувиас давж, бизнесийн хөрөнгө оруулалт 10-аас дээш хувиар өсөж, ажилгүйдлийн тэтгэмж шинээр хүсэгчдийн тоо түүхэн доод түвшний ойролцоо байжээ.
Кевин Уоршийн үзэж буйгаар эдийн засгийн энэхүү тэсвэртэй байдал нь Холбооны Нөөцийн банканд бараг зургаан жилийн турш хоёр хувийн зорилтот интервалаас дээгүүр түвшинд хадгалагдаж буй инфляцтай тэмцэх боломж олгож байна. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “инфляцыг бууруулах нь бидний үүрэг” гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Кевин Уорш
“Холбооны нээлттэй зах зээлийн хороо жилд найман удаа хуралдах нь зөв гэж үзэж байна. Харин 2027 онд нэг хурал нь зөвхөн мөнгөний бодлогын ерөнхий стратегид төвлөрнө. Бодлогын хүүгийн талаар санал хураалт явуулахгүй.
Мөнгөний бодлогын мэдэгдэл гаргахгүй гэж төлөвлөж байна. Холбооны Нөөцийн банкны бас нэг зорилт болох хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал нэлээд эерэг байгаа ч америкчууд инфляцтай тэмцсээр байна. Инфляц бараг зургаан жилийн турш зорилтот интервалаас дээгүүр түвшинд хадгалагдлаа.
Олонхын байр суурь, дүгнэлтийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч буй ч одоогоор баттай дүгнэлт гаргахад хэтэрхий эрт байна. Бид үнийн тогтвортой байдлыг хангана. Үүнд ямар ч “хэрэв”, “гэхдээ” гэж байхгүй. Энэ байр суурь дээрээ зогссон хэвээр байгаа” гэж мэдэгдлээ.