
Зургийг: mining.com
Цахилгаан түгээх сүлжээ, дата төвүүдийн хүчтэй эрэлтийг уурхайнуудын нийлүүлэлт гүйцэхгүй байгаа тул зэсийн үнэ 2027 онд түүхэн дээд түвшиндээ ойролцоо хадгалагдана гэж Дэлхийн Банк үзэж байна.
Тус банк аравдугаар сарын төлөвтөө 2027 оны зэсийн үнийн төсөөллийг дөрөвдүгээр сарын таамгаасаа 18 хувиар нэмэгдүүлж, тонн тутамд 13,000 ам.доллар хүргэжээ. Энэ нь 2026 оны шинэчилсэн таамаг болох 13,200 ам.доллароос ердөө 1.5 хувиар доогуур үзүүлэлт юм.
Ерөнхийдөө Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй эрчим хүчний нийлүүлэлтийн тасалдал, Эль-Ниньо үзэгдлийн улмаас ургацад учирч болзошгүй эрсдэлийг харгалзан Дэлхийн Банк түүхий эдийн үнийн таамгуудаа өсгөсөн байна. Тухайлбал: эрчим хүчний үнэ 2026 онд 32 хувиар өсөж, гурван жил дараалан буурсан чиг хандлагыг эцэслэх төлөвтэйг лхагва гарагт нийтэлсэн тайландаа онцолжээ.
Энэ онд газрын тосны дундаж үнэ баррель нь 91 ам.доллар байх төлөвтэй гэж тооцоолсон байна. Түүнчлэн нийлүүлэлт 5.2 хувиар буурна гэж таамагласан нь цар тахлын 2020 оныг эс тооцвол сүүлийн 40 гаруй жил дэх хамгийн огцом уналт болох юм.