
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- Эрчим хүчний зардал нэмэгдэж, үйлдвэрлэгчийн үнэ өссөнөөр БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг сүүлийн гурван сарын хамгийн хурдацтай өсөлтөө үзүүллээ.
Тус улсын Үндэсний статистикийн товчооноос мягмар гарагт мэдээлснээр аж үйлдвэрийн компаниудын ашиг есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсжээ. Энэ нь өмнөх сарын өсөлтөөс эрс нэмэгдсэн ба шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлт боллоо.
Өнгөрсөн сард тус улсын үйлдвэрлэгчийн үнэ эргэн сэргэсэн нь ашгийн өсөлтийг эрчимжүүлсэн байна. Үүнд Ойрх Дорнод дахь мөргөлдөөн хурцдаж, газрын тосны ханш эрс өссөн нь голлон нөлөөлжээ.
Үйлдвэрээс гарах үеийн үнэ есдүгээр сард өмнөх оны мөн үеэс таван хувиар өссөн нь 2022 оноос хойших хамгийн өндөр өсөлт боллоо. Хиймэл оюуны техник хангамж болон түүнтэй холбоотой түүхий эдийн өртөг нэмэгдсэн нь үнийн өсөлтөд мөн нөлөөлсөн байна.
Энэ онд ашгийн өсөлт салбаруудын хооронд жигд бус байсан аж. Эрчим хүч болон хиймэл оюуны салбарын өсөлт уул уурхай, электроник зэрэг цөөн салбарт дэмжлэг үзүүлсэн бол бусад салбар нэлээд хоцорч байгаа аж. Хэрэглээ сул, Засгийн газрынх нь зардал буурч буй нь дотоодын зах зээлд түшиглэдэг бизнесүүдийн нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байгаа юм.