
Зургийг: Сүү Хувьцаат Компани | SUU JSC
Оны эхний есөн сарын байдлаар “Сүү” ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсөж, 188.8 орчим тэрбум төгрөг хүрснийг Монголын Хөрөнгийн биржид хүргүүлсэн санхүүгийн тайланд мэдээлсэн байна. Цэвэр ашиг нь 16.3 хувиар нэмэгдэж, 11.2 орчим тэрбум төгрөг хүрчээ.
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 132.6 орчим тэрбум төгрөг болж, нийт ашиг 17.2 хувиар өсөж, 56.2 тэрбум төгрөг болсныг онцолсон байна. Улмаар нийт ашгийн маржин өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар өсөж, 29.8 хувь болж сайжирчээ.
Харин санхүүгийн зардал нь 68.1 хувиар өсөж, 8.9 тэрбум төгрөг хүрсэн нь ашгийн өсөлтийг хязгаарласан харагдаж байна.
Тайлант хугацаанд “Сүү” компанийн үндсэн хөрөнгө худалдан авахад 21 тэрбум төгрөг зарцуулж, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны цэвэр мөнгөн зарлага 26 тэрбум төгрөг хүрсэнтэй зэрэгцэн урт хугацаат өр төлбөрийн дүн 54.7 тэрбум төгрөг болсон үзүүлэлттэй байна.