
Зургийг: president.mn
150 мянган айл өрх, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр, 30 мянган айл өрхийг дулаанаар хангах “Сүхбаатар Дулааны цахилгаан станц” нээлтээ хийлээ. Тус станц жилд 489 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, 440 сая киловатт цаг цахилгаан эрчим хүчийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сүхбаатар Дулааны цахилгаан станц”-ын нээлтэд оролцож, орон нутгийн эдийн засгийг тэлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн бүтээн байгуулалт болсныг онцоллоо.
Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 79 хувийг дотоодоос, 21 хувийг импортоор хангадаг. 2025 онд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум киловатт цаг хүрч, 2024 оны түвшнээс 8.4 хувиар өсөөд буй. Энэ онд 13.6 тэрбум киловатт цагт хүрч, өмнөх оны түвшнээс 7.5 хувиар өсөх урьдчилсан тооцоололтой байна.