
Зургийг: ОБЕГ
Засгийн газрын хуралдаанд Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тооцох ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа. Урьдчилсан үнэлгээгээр зөвхөн байгал орчны хохирол 3.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгааг Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд мэдээллээ.
Бодит хохирлын дүн 1.2 их наяд төгрөг бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцох хуулийн зохицуулалтаар нийт хохирлын дүн 3.3 их наяд төгрөг болж байгааг тодотгосон юм.
Түймэр унтраах ажиллагаанд орон нутгийн төсөв, хил хамгаалах, онцгой байдал зэрэг байгууллагаас нийт 346.6 сая төгрөгийн зардал гарсан байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээчид дахин шинжилнэ. Ингэснээр урьдчилсан үнэлгээний дүн өөрчлөгдөх боломжтой юм.
Дархан цаазат газрын түймэрт өртсөн талбайн дийлэнх хэсэг нь бага болон дунд зэрэглэлтэй шатсан. Харин 81 мянган га талбай их болон маш их зэрэглэлтэй шатсан байна. Мөн 14.7 мянган га ой түймэрт өртжээ.
Нөмрөгийн Дархан цаазат газрын зарим хэсэгт байгалийн нөхөн сэргээлт хийх боломжтой. Харин их хэмжээний шаталттай талбай, ойн эко систем болон эмзэг бүсүүдэд төрөөс нөхөн сэргээлт, урт хугацааны мониторинг хийх шаардлагатай. Нөхөн сэргээлт, түймрийн дараах мониторингийн судалгааны ажлыг үе шаттай хийхэд 83.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсныг танилцууллаа.