
Зургийг: Samsul Said/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Худалдааны яам хиймэл оюуны чипийн экспортод тавих хяналтаа чангатгах шинэ журам танилцууллаа. Энэхүү журмын дагуу Индонез зэрэг Зүүн Өмнөд Азийн дөрвөн улс руу өндөр хүчин чадалтай чип нийлүүлэхэд АНУ-ын эрх баригчдаас зөвшөөрөл авах шаардлагатай болжээ. Мөн БНХАУ-ын компаниудад дэвшилтэт чипийн тооцоолох хүчин чадлыг алсаас ашиглуулах үйлчилгээ үзүүлдэг гадаадын дата төвүүдэд дэлхийн хэмжээнд хязгаарлалт тогтоохоор төлөвлөж байна.
АНУ 2022 оноос “Nvidia”-ийн өндөр хүчин чадалтай чипийг БНХАУ-д экспортлохыг хязгаарласан ч БНХАУ-ын компаниуд эдгээр чипийг ашиглах өөр арга замыг эрэлхийлсээр иржээ. Тухайлбал: зарим компани экспортын хоригийг зөрчин чип худалдан авдаг бол зарим нь Малайз зэрэг улсад байрлах дата төвүүдийн тооцоолох хүчин чадлыг түрээслэн ашигладаг байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын компаниуд чипийг өөрсдөө худалдан авахгүйгээр гадаадад суурилуулсан тоног, төхөөрөмжийг алсаас ашиглах боломжтой байжээ. Вашингтон өнөөг хүртэл ийм төрлийн үйлчилгээг зөвшөөрч ирсэн ч одоо хязгаарлалтаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа хиймэл оюуны технологийн салбарт БНХАУ-д тавих хязгаарлалтаа ийнхүү чангатгаснаар Зүүн Өмнөд Азийн олон арван тэрбум ам.долларын дата төвийн бизнест шинэ эрсдэл үүсээд байна. Үндэсний аюулгүй байдлын үүднээс авч буй эдгээр арга хэмжээ нь “Nvidia”-ийг тойрсон дуулианаас хойших АНУ-ын бодлогын хамгийн том өөрчлөлт болжээ.
"Nvidia" компанийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал асан Женсен Хуан Сингапурт төвтэй “Megaspeed” компанийн захирал асан, БНХАУ-ын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй гэх Алис Хуантай гэр бүлээс гадуур дотно харилцаатай байсан дуулианаас болж саяхан албан тушаалаасаа огцорсон юм.

АНУ шинэ хязгаарлалтаа дэлхийн санхүүгийн зах зээлд хиймэл оюуны салбарын ирээдүйн талаарх болгоомжлол нэмэгдэж байсан үед зарлажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн орнуудад хийх айлчлалаа Филиппиний нийслэл Манила хотоос эхлүүлж, бүс нутгийн удирдагчидтай дээд хэмжээний уулзалтууд хийснээс гадна БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсан юм. Их гүрнүүдийн өрсөлдөөний нөлөөгөөр хөрөнгө оруулалт татаж ирсэн Зүүн Өмнөд Азийн орнуудын хувьд геополитикийн нөхцөл байдал бизнесийн шинэ боломж бүрдүүлэхийн зэрэгцээ эрсдэл дагуулж болохыг энэхүү шийдвэр харуулж байна.
Зүүн Өмнөд Ази нь АНУ-аас гадна дата төвийн салбар хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутгуудын нэг юм. Зөвхөн Малайз дахь дата төвүүдэд зарцуулах хөрөнгийн хэмжээ 100 тэрбум ам.доллар дөхөж байна. “Bloomberg”-ийн нэгтгэсэн мэдээллээр Ази, Номхон далайн бүс нутгийн дата төвийн салбарт хамгийн багадаа 49 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт олгосон бөгөөд үүний томоохон хэсэг Зүүн Өмнөд Азийн орнуудад ногдож байна.
Тус бүс нутагт газар, ажиллах хүчний өртөг харьцангуй бага, дата төвийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрүүдтэй ойр байршдаг нь хөрөнгө оруулагчдад давуу тал болдог. Хэдий тийм боловч хамгийн чухал хүчин зүйл нь БНХАУ-ын томоохон зах зээлд үйлчилгээ үзүүлэх боломж юм. Иймд АНУ-ын экспортын шинэ хязгаарлалт бүс нутгийн дата төвийн цаашдын хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.