
“Юнител Групп”-ийн Хүний нөөц хариуцсан дэд захирал С.Оюунсүрэн
“Юнител Групп” 20 жилийн ойгоо тохиолдуулан 2026 онд 80 ажилтнаа Сингапур, Индонез зэрэг улсын технологи, инновацын төвүүдэд сургах “Foreign Study Program” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ингэснээр ажилтнууд нь хиймэл оюуны хэрэгсэл, дижитал шийдэл, орчин үеийн ажлын арга барилд суралцаж, мэдлэгээ өдөр тутмын ажилдаа ашиглах боломж бүрдэнэ гэж онцоллоо.
Хиймэл оюун бизнесийн үйл ажиллагааг өөрчилж буй энэ үед технологийг үр дүнтэй ашиглах ур чадвар байгууллагын өрсөлдөх чадварт улам чухал болж байна. Тухайлбал: Дэлхийн Эдийн Засгийн Форумын 2026 оны тайланд дурдсанаар “хиймэл оюуныг ажилдаа ашиглаж буй ажилтнуудын 68 хувь нь бүтээмж нь нэмэгдсэн” гэж хариулсан байдаг. Харин ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудын 28 хувь нь эзэмшсэн ур чадварынх нь талаас илүү нь гурван жилийн дараа үнэ цэнээ алдаж болзошгүй гэж үзсэн байна.

“Хөтөлбөрийн үнэ цэн нь ажилтнууд сурсан мэдлэгээ өдөр тутмын ажилдаа хэрэглэж, үр дүнтэй арга барилаа хамт олонтойгоо хуваалцахад оршиж байна. Хөтөлбөрт хамрагдсан ажилтнууд “Мэдлэгийн элч” болж, сурсан арга барил, технологийн хэрэглээгээ баг, хамт олондоо түгээнэ. Ингэснээр олон улсын сургалтын үр өгөөжийг илүү олон ажилтанд хүргэж, ажилдаа туршин хэрэгжүүлэх боломж бүрдүүлэхээр зорьж байна.” гэж “Юнител Групп”-ийн Хүний нөөц хариуцсан дэд захирал С.Оюунсүрэн онцоллоо.
Энэхүү санаачилга нь тус группийн технологийн дэд бүтэц, дижитал үйлчилгээний хөгжлийг хүний нөөцийн чадавхтай уялдуулах урт хугацааны зорилгын нэг хэсэг юм. Олон улсын туршлагыг дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ажилтны мэдлэгийг байгууллагын нийт чадавх болгон хөгжүүлснээр бүтээмж, инновац болон үйлчилгээний чанарыг ахиулахыг зорьж буйг тодотголоо.