logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Anthropic”-ийн IPO-ийн талаар та юу мэдэх ёстой вэ
    Anthony Hughes
    Bailey Lipschultz
    Seth Fiegerman
    Saijel Kishan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 11 16:10
    277

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    (Bloomberg) -- 2020 оны эцсээр “OpenAI”-ийг хиймэл оюуны ёс зүй, аюулгүй байдлыг хангалттай эн тэргүүнд тавихгүй байна гэж үзсэн зарим ахлах ажилтан тус компаниас гарч, “Anthropic PBC”-ийг байгуулсан байна. Ердөө хэдхэн жилийн дараа тус залуу компани хиймэл оюуны салбарын гол тоглогчдын нэг болж, түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO-ийг хийхийг зорьж буй.

    “Anthropic” компани IPO болон хаалттай хүрээнд хувьцаа байршуулснаар нийт 90.4 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө татаж, зах зээлийн үнэлгээгээ ойролцоогоор 1.4 их наяд ам.доллар хүргэхийг зорьж байгаа юм. Үүнд нэгж хувьцааг 70-78 ам.долларын үнээр санал болгож, нийт 64.4 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө босгох үндсэн төлөвлөгөө багтжээ.

    Үүнээс гадна хаалттай хүрээнд хувьцаа байршуулах хэлцлээр “Advanced Micro Devices”, “Broadcom”, “Alphabet”-ийн охин компани “Google”, “Micron Technology”, “Microsoft”, “Nvidia” болон “TSMC” хувьцааг нь худалдан авч, нийт 26 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөсөн байна. IPO-д санал болгох эцсийн үнийг 11 дүгээр сарын 18-ны лхагва гарагт тогтоож, маргааш нь биржийн арилжааг эхлүүлэхээр байгаа аж.

    unnamed.webp

    Хиймэл оюуны салбарын нөхцөл байдал төвөгтэй болсон энэ үед “Anthropic” төлөвлөсний дагуу анхдагч зах зээлийн арилжааг үргэлжлүүлж байна. Компаниуд асар их орлого олсоор буй ч өсөлтийн хурд нь саарч эхэлснээс гадна АНУ-ын завсрын сонгуулиар Ардчилсан нам шийдвэрлэх ялалт байгуулсан нь дата төвүүдэд шинэ хязгаарлалт тогтоох эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар томоохон технологийн компаниудын хиймэл оюуны хөгжүүлэлтэд саад болж болзошгүй юм.

    Үүний зэрэгцээ “Wall Street”-ийн хөрөнгө оруулагчид “Anthropic”-ийн IPO-ийг Илон Маскийн “SpaceX” компанийн анхдагч зах зээлийн арилжааны түүхэн амжилттай харьцуулах нь гарцаагүй. “SpaceX” компанийн хувьд зургаадугаар сард хийсэн IPO-оороо 86.2 тэрбум ам.доллар босгож, зах зээлийн үнэлгээ нь 1.77 их наяд ам.доллар хүрч байлаа.

    “Anthropic”-ийн хувьцааны эрэлт өндөр байх төлөвтэй байгаа бөгөөд тус компани үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд аль болох их хөрөнгө босгох сонирхолтой байгаа юм. Гэсэн ч тус компани АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд хүргүүлсэн баримт бичигтээ хиймэл оюуны технологи хяналтгүй хөгжвөл “хүн төрөлхтний оршин тогтнолд эрсдэл” учруулж болзошгүй гэдгийг анхааруулжээ.

    “Anthropic”-ийн Гүйцэтгэх захирал Дарио Амодей өмнө нь моделиудын хөгжүүлэлтийг салбарын хэмжээнд сааруулахыг уриалж байв. Хэдий тийм боловч амжилттай IPO хийхийн тулд хиймэл оюуны технологийг үргэлжлүүлэн ахиулахын зэрэгцээ эрсдэлийг нь бууруулах арга замыг олох шаардлагатай аж.

    unnamed.jpg

    Бас нэг анхаарах ёстой хүчин зүйл гэвэл хиймэл оюуны салбарын ёс зүйг дэмжих бодлогынхоо хүрээнд “Anthropic” нь “Public Benefit Corporation” буюу олон нийтийн ашиг тусын төлөөх корпорац хэлбэрээр байгуулагдсан байна. АНУ-ын 30 гаруй мужид хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү статус нь ашгийн төлөө компани хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой тэнцвэржүүлэх зорилготой аж. IPO хийснээр “Anthropic” нь “Warby Parker Inc.”, “Allbirds Inc.”, “Coursera Inc.” зэрэг олон нийтэд хувьцаагаа санал болгосон цөөн тооны PBC компанийн нэг болно.

    Компанийн засаглалын шинжээчдийн үзэж буйгаар энэхүү статус нь “Anthropic”-ийн IPO-ийн үнийн тогтоолтод төдийлөн нөлөөлөхгүй байх магадлалтай. Учир нь компани ашиг олох чиглэлээр өргөн эрх чөлөөтэй хэвээр байна. Гэхдээ “Anthropic” олон нийтийн өмнө хүлээсэн зорилгоо биелүүлэхэд нь хяналт тавих зориулалттай урт хугацааны олон нийтийн ашиг тусын итгэлцлийн сан байгуулжээ. Тус сан нь хувьцаа эзэмшигчдээс хараат бус тул захирлууд хөрөнгө оруулагчдад таалагдахгүй шийдвэр гаргах боломжтой юм. Энэ нь хувьцаа эзэмшигчдийг IPO-ийн үнэд тодорхой хөнгөлөлт шаардахад хүргэж болзошгүй гэдгийг компанийн засаглал судалдаг Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Жесси Фрид тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих