
Зургийг: Brent Lewin/Bloomberg
Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation”-ийн борлуулалтын орлого есдүгээр сарын 30-наар эцэслэсэн зургаан сарын хугацаанд өмнөх оны мөн үеэс 28 орчим хувиар өсөх төлөвтэйг мэдээллээ. Тус компанийн урьдчилсан тооцооллоор нийт орлого нь 1.12 тэрбум хонконг доллар хүртэл өсөхөөр байна. Өмнөх оны мөн үед 871.1 сая хонконг долларын орлоготой ажиллаж байжээ.
Мөн нийт ашиг нь өмнөх оны мөн үеэс бараг дөрөв дахин өсөж, 330 сая хүртэлх хонконг долларт хүрэх хүлээлттэй байна. Тайлант хугацаанд БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сэргэж, дундаж үнэ өссөн гол нөлөө үзүүлснийг онцоллоо. Хэдий тийм боловч эдгээр танилцуулсан санхүүгийн үзүүлэлт нь аудитлагдаагүй урьдчилсан дүн аж. “Mongolia Energy Corporation” хагас жилийн тайлангаа 11 дүгээр сарын эцсээр нийтлэх төлөвтэй байгаа юм.
Хонконгийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш 4.12 хувиар өссөн хөдөлгөөнтэй байна.