
Зургийг: Kyodo/AP Photo
(Bloomberg) -- БНАСАУ-ын хакеруудыг түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй крипто хулгайн хэрэгт буруутгасан АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэдэгдлийг Пёньян няцаасан байна.
“Binance” биржийн хэрэгт сэжиглэгдэж буй “TraderTraitor” хэмээх бүлэг нь олон жилийн турш бэлтгэгдсэн, Төрийн дэмжлэгтэй элит хакеруудын баг аж. БНАСАУ нь олон мянган хакераас бүрдэх “кибер арми”-тай хэдий ч “TraderTraitor” бүлгийг ердөө 10 гаруй гишүүнтэй байж магадгүй гэж шинжээчид үздэг.
“Хувийн хөрөнгө оруулагчдыг онилдог энгийн хакеруудаас ялгаатай нь тус бүлэг нэг халдлагаар их хэмжээний хөрөнгө олзлоход төвлөрдөг. Тэд криптотой холбоотой бизнесүүдийг онилж, дэд бүтцийг нь судалсны дараа систем эсвэл мөнгө шилжүүлэх үйл явцад нь халдаж, их хэмжээний хөрөнгө хулгайлдаг” гэж кибер аюулгүй байдлын “Zscaler” компанийн судлаач тайлбарлажээ. Түүнчлэн хиймэл оюуны хэрэгслүүдийн ачаар “ийм ур чадвар эзэмших босго мэдэгдэхүйц буурч, халдлага үйлдэх хурд асар нэмэгдсэн” гэдгийг онцолж байна.

БНАСАУ олон арван жилийн турш хамгийн шилдэг, авьяаслаг сурагчдаа хакерын багтаа сонгон авч, Пёньян дахь “Moranbong” коллеж зэрэг мэргэшсэн байгууллагад бэлтгэж ирсэн талаар тус улсаас дүрвэгсэд болон шинжээчид мэдээлдэг. Ийнхүү бүрдүүлсэн кибер арми нь энэ онд бүртгэгдсэн крипто халдлагуудаас үүдэлтэй нийт алдагдлын 89 хувьд хамааралтай гэж “Chainalysis”-ийн шинжээчид үзэж байна.
“Binance”-ийн мэдээлснээр хакерууд ердөө 20 минутын дотор 6.36 тэрбум ам.доллароор үнэлэгдэх криптовалют хулгайлжээ. Энэ нь БНАСАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 20 хувьтай тэнцэх дүн юм. Анхан шатны шалгалтаар тус компанийн нэг инженерийн хакердуулсан зөөврийн компьютер нь халдлагын нэвтрэх цэг болсон байж болзошгүйг тогтоосон аж. Халдлагын дараа ойролцоогоор 2.8 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаасан тул цэвэр гадагшилсан хөрөнгийн хэмжээ 3.6 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
2024 онд Умард Солонгосын кибер халдлага болон хууль бус санхүүгийн үйл ажиллагааны орлого нь үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрийн 40 орчим хувийг санхүүжүүлж байж болзошгүй гэж НҮБ-ын шинжээчид мэдэгдэж байжээ.