
Зургийг: ЗТЯ
Нүүрсний экспортын гол замуудын нэг болох Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замыг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна. “Тахилт хайрхан транс” компани концессын гэрээгээр барьсан 474 км тус замаар хүнд даацын тээвэрлэлт хийх аюулгүй байдал хангагдаагүй, ихээхэн эвдрэл үүссэн аж. Үүнээс шалтгаалан замыг засах хүртэл хөдөлгөөнийг хаах шийдвэр гарсныг Зам, тээврийн яам мэдээллээ.
Замын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаагүй байгаа ч уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх үүднээс 2025 онд тус замын хөдөлгөөнийг нээсэн байна.
Төсөл хэрэгжүүлэгч компани 27.5 жил ашиглаж, засвар арчилгааг бүрэн хариуцна. Мөн зам ашигласны төлбөрт нэг тонн/ км тутамд 19 төгрөг ногдуулах гэрээтэй байна.
Тухайн замаар өдөрт 30-40 мянган тонн нүүрс тээвэрлэдэг. Замын нийт уртад нэг удаа тээвэр хийхэд жолооч нар 1.2 сая орчим төгрөгийн төлбөр төлж байгаа аж. Харин энэхүү тарифыг хэт өндөр гэж үзэж жолооч нарын зүгээс бууруулах хүсэлт гаргасан ба энэ асуудлаар Эдийн засаг, хөгжлийн яаманд ажлын хэсэг ажиллаж буйг мэдээллээ.
Ганцмод боомтын засвар шинэчлэлээс шалтгаалан Гашуунсухайтаар гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буураад байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Ханги боомтоор экспортлох нүүрс тээврийн гол зам хаагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт удааширч, тойруу замаар тээвэр хийснээр зардал нэмэгдэж буйг жолооч нар мэдээлсэн байна.