
Зургийг: Cole Burston/Bloomberg
(Bloomberg) -- Алт олборлолтоор дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Канадын “Agnico Eagle Mines” компани дизель түлшний үнээс шалтгаалан зардал нь ирэх онд унц тутамд 80 ам.доллар хүртэл дүнгээр нэмэгдэхээр байгааг анхаарууллаа.
Тус компанийн Санхүү хариуцсан захирал дизель түлшний өндөр үнэ IV улиралд зардлыг унц тутамд 50-60 ам.доллароор нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Энэ нь өмнөх улиралд 30 ам.доллароор нэмэгдэж байснаас ч өндөр үзүүлэлт юм.
“Agnico Eagle Mines”-ийн үйлдвэрлэлийн дийлэнх хувь нь ус, цөмийн эрчим хүч давамгайлсан цахилгаан сүлжээнд холбогдсон Канадын Онтарио болон Квебекийн хойд хэсэгт төвлөрдөг. Энэ утгаараа дизель түлшний үнийн өсөлтөөс тодорхой хэмжээнд хамгаалагддаг ч үйл ажиллагааны зардлынх нь 11 хувийг түлшний хэрэглээ эзэлж байна.
“Agnico Eagle Mines”-ийн тогтвортой үйлдвэрлэлийн зардал III улиралд унц алт тутамд 1648 ам.доллар хүрчээ. Цаашид ч зардал өсөх талаар анхааруулсны дараа хувьцааны ханш нь Торонтогийн Хөрөнгийн биржид 4.5 хүртэл хувиар суларчээ.

Үүнээс гадна алтны үнэ унц нь 4000 ам.доллар орчимд тогтворжсоноор хоёр дахь сардаа дараалан унах төлөвтэй байна. Эрчим хүчний үнээр өдөөгдөж буй инфляцаас шалтгаалан АНУ-ын Төв банк оны эцэс гэхэд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлал нэмэгдээд байгаа юм.
Алтны үнэ өмнөх арилжаагаар 1.1 хувиар буурсны дараа сүүлийн байдлаар унц нь 4012 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.