
Зургийг: Park Sang-Moon/koreajoongangdaily.com
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны X хуралдаанаар хоёр улсын худалдааны эргэлтийг 2030 он гэхэд нэг тэрбум ам.доллар хүргэх чиглэлд эдийн засгийн томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Б.Энхбаяр, БНСУ-ын талаас Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ким Жин А нар ахалж оролцов.
Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, өмнө нь дээд, өндөр түвшинд тохирсон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг хуралдаанаар түлхүү хэлэлцсэн байна.

Монгол Улс, БНСУ эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хоёр тал импортын барааны тарифыг бууруулж, үе шаттай тэглэхээс гадна үйлчилгээ, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зарчмын тохиролцоонд хүрчээ. Оны эхний есөн сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 431 сая орчим ам.доллар хүрснээс 80 гаруй хувийг БНСУ-аас импортолсон бараа, бүтээгдэхүүний дүн эзэлж байна.
Хуралдаанаар хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, виз мэдүүлгийн үйл явцыг цахимжуулах асуудлыг түлхүү хэлэлцжээ. Монголын талаас БНСУ-ын виз мэдүүлэхэд олон дамжлагатай, давхар төлбөр төлөх зэрэг хүндрэл байгааг дурдаж, цахим хэлбэрт шилжүүлэх хүсэлт тавьсан байна. Харин БНСУ-ын тал таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлалын виз болон эрүүл мэндийн визийг Монгол Улсын иргэдэд олгох нөхцөлийг хөндөн ярилцжээ.
БНСУ-ын Хууль зүйн яамнаас Монгол Улсын иргэдэд зориулсан жуулчны бүлгийн визийн (C-3-2) шинэ тогтолцоог 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай буюу 2027 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туршилтаар хэрэгжүүлж эхлээд буй. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тав болон түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид БНСУ-ын Элчин сайдын яамнаас сонгосон итгэмжлэгдсэн аялал жуулчлалын компаниудаар дамжуулан цахимаар шуурхай виз мэдүүлэх боломжтой болж байгаа юм. Бүлгийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоогоор шийдвэрлэж байгаа аж.
Ойрын таван жилийн хугацаанд Монгол Улсын иргэд БНСУ руу бүрэн харилцан визгүй зорчих боломж хараахан бүрдээгүй байгаа бөгөөд хоёр улсын Засгийн газар үүнийг алс хэтийн зорилт болгон үе шаттайгаар хөнгөвчлөх талаар судалж буй. БНСУ-ын тал Монгол Улсын иргэдийг шууд визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргахгүй байгаа гол шалтгаан нь тус улсад оршин сууж буй монгол иргэдийн дунд хууль бус цагаачлалын хувь хэмжээ өндөр байгаатай холбоотой аж.
БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад оршин сууж буй 54 мянга гаруй монгол иргэний 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаа нь визгүй зорчих хэлэлцээрт гол саад болж байгаа аж. Тиймээс тус улсад хууль бусаар оршин сууж буй иргэдийн тоог бууруулах арга хэмжээ авах шаардлагатайг БНСУ-ын тал хөндсөнийг ЗГХЭГ-ын дарга тодотголоо.
Үүнээс гадна Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод шинээр нээгээд байна.
Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд жолоодох эрхийн онолын шалгалтыг монгол хэлээр өгөх боломжтой болж байгаа бөгөөд аравдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжиж эхлээд байгаа юм. Жилд 3400 орчим монголчууд тус улсад жолооны шалгалт өгдгөөс хэлний бэрхшээлээс үүдэн 18-22 орчим хувь нь л тэнцдэг болохыг мэдээллээ. Харилцан тохиролцсоны дагуу БНСУ-ын иргэд Монгол Улсын жолооны эрхийн онолын шалгалтыг мөн солонгос хэлээр Улаанбаатар хотод өгөх боломж бүрдэж байна.