
Зургийг: Betty Laura Zapata/Bloomberg
(Bloomberg) -- “Uniqlo” хэрэглэгчдийн дургүйцлийг харгалзан 290 иен буюу 1.84 ам.долларын үнэтэй алдарт оймсныхоо үнийг нэмэх төлөвлөгөөгөө цуцаллаа. Энэ нь инфляц удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдаж, өрхийн амьжиргаанд дарамт учруулж буй энэ үед Японы жижиглэн худалдаа эрхлэгчид бүтээгдэхүүний үнээ нэмэхэд хүндрэлтэй тулгарч байгаагийн нэгэн жишээ юм.
“Fast Retailing” компанийн эзэмшдэг тус брэнд түүхий эдийн зардал өссөнтэй холбоотойгоор энэ сарын эхээр бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг өргөн хүрээнд нэмэхээ зарлажээ. Хэдий тийм боловч хоёр долоо хоног ч хүрэхгүй хугацаанд оймсны үнийг 100 иен буюу 0.63 ам.доллароор нэмэх, мөн гурваас дээш оймс худалдан авахад олгодог хөнгөлөлтийг цуцлах шийдвэрээсээ ухарлаа.
Оймсны үнийн өсөлтөд бухимдсан хэрэглэгчид олон нийтийн сүлжээнд хүчтэй эсэргүүцэл илэрхийлсний дараа “Uniqlo” шийдвэрээ ийнхүү өөрчилсөн аж. Тухайлбал: “X” платформ дээр нэгэн хэрэглэгч “Би бүтэн цагаар ажиллаж, гэрийн ажлаа хийж, хүүхдүүдээ өсгөж байна. Өөр яах ёстой юм бэ?” гэж бичжээ. Японд олон арван жил дефляци үргэлжилсэн нь хэрэглэгчдийг өргөн хэрэглээний барааны үнэ хэзээ ч өөрчлөгдөхгүй гэсэн хүлээлттэй болгосон юм.