
Зургийг: president.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ, Бүгд Найрамдах Финланд улс, Бүгд Найрамдах Беларусь улсад хийсэн Төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулсан Бизнес форумуудын үеэр хувийн хэвшлийнхэн нийт 95.5 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулсныг МҮХАҮТ мэдээллээ. Тухайлбал: ХБНГУ-д зохион байгуулсан Бизнес форумын үеэр 35.5 сая ам.долларын гэрээ байгуулсан бол Беларусь улсын аж ахуйн нэгжүүдтэй 10 сая ам.долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна.
Беларусь-Монголын бизнес форумын хүрээнд хоёр талын аж ахуйн нэгжүүд төмөр замын тээвэрлэлт, барлигын салбар болон хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, хүнсний бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт зэрэг салбар, чиглэлийн нийт 50 сая ам.долларын үнийн дүн бүхий 17 гэрээ, санамж бичиг байгууллаа.
Монгол Улс, Беларусь улсын худалдааны эргэлт 2020 онд 52 сая ам.доллар байсан бол 2025 онд 21.5 сая ам.доллар болж буурсан байна. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн бодит түншлэл, үр ашигтай логистик, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ чухал болохыг талууд онцоллоо.
Үүнээс гадна хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд есөн баримт бичигт талууд гарын үсэг зурсан байна. Монгол Улс, Беларусь улсын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглалыг баталж, соёл спорт, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.