
Зургийг: Xinhua News Agency/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны V бүгд хурал Бээжин хотноо эхэллээ. Энэ удаагийн хурал нь эдийн засгийн бодлогыг хэлэлцдэг уламжлалыг эвдэж, намын үзэл суртал, дотоод засаглал, сахилга хариуцлага болон авлигын эсрэг кампанит ажилд илүү төвлөрөх аж.
Пүрэв гараг хүртэл үргэлжлэх хаалттай хуралд Коммунист намын Төв хорооны дээд түвшний албан тушаалтнууд оролцож буй. Төв хороо нь ердийн үед санал өгөх эрхтэй 200 гаруй байнгын гишүүн, саналын эрхгүй 170 орчим орлогч гишүүнээс бүрддэг.
Энэ удаагийн хуралдаанаар Ши Жиньпиний голлон анхаардаг асуудлууд болох сахилга хариуцлагыг чангатгах, авлигын эсрэг арга хэмжээг өргөжүүлэх, дотоод хяналтыг нэмэгдүүлэх талаар намын баримт бичгийг хэлэлцэн батлах төлөвтэй байгаа аж. Мөн сүүлийн үед албан тушаалаас нь чөлөөлсөн Төв хорооны гишүүдийг албан ёсоор баталгаажуулахаар байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард болсон IV бүгд хурал БНХАУ-ын Соёлын хувьсгалаас хойших хамгийн бага ирцтэй байсан нь олон тооны албан тушаалтныг чөлөөлсөн ажиллагаатай холбоотой аж. Түүнээс хойш Төв хорооны 20 орчим байнгын гишүүн, зургаан орлогч гишүүн албан ёсоор шалгагдсанаас гадна одоогийн Улс төрийн товчооны 24 гишүүнээс гурвыг нь чөлөөлсөн гэж “Bloomberg News” тооцоолжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар V бүгд хурал нь 2027 онд болох намын удирдлагын халаа сэлгээний өмнөх хамгийн чухал улс төрийн уулзалтуудын нэг аж. Тиймээс энэ удаагийн хуралдааныг ашиглан БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх төлөвлөгөө зарлаж магадгүй байна. 2022 онд тус байгууллагад сонгогдсон долоон гишүүнээс одоо ердөө хоёр нь үлдсэн бөгөөд нэг нь Ши Жиньпин өөрөө юм.