
Зургийг: Lauren Petracca/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын технологийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд үндэслэн тооцоолбол хиймэл оюуны дэд бүтцэд шаардлагатай зэсийн эрэлт хоёр жилийн дараа гурван сая тонн хүрэх боломжтой гэж “Trafigura Group”-ийн суурь металлын шинжээч мэдээллээ. Тодруулбал: хиймэл оюуныг дэмжих томоохон үүлэн тооцоолол болон дата төвийн төслүүдийн хүрээнд зэсийн хэрэглээ 2028 онд 2.5-3.0 сая тонн хүрч магадгүй гэж тооцоолсон байна.
Энэ нь “Trafigura Group”-ийн 2026 оны эрэлтийн төсөөлөл болох нэг сая тонноос бараг гурав дахин өндөр үзүүлэлт юм. Хэдий тийм боловч 2028 онд эрэлт гурван сая тонн хүрэх таамаглал нь технологийн компаниудын зарласан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнүүд бүрэн хэрэгжсэн тохиолдолд л биеллээ олох боломжтойг шинжээч тодотгожээ.
Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлаас харахад бүх төсөл бодитоор хэрэгжих эсэх нь эргэлзээтэй буй. Тиймээс “Trafigura Group” хиймэл оюуны дэд бүтцийн зэсийн эрэлт 2028 онд 1.6 сая тонн орчимд хүрнэ гэсэн үндсэн төсөөлөлтэй байна. Гэхдээ энэ нь 2026 оны түвшнээс 60 хувиар өндөр үзүүлэлт юм.