
Зургийг: С.Батсайхан
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 57 их наяд төгрөг хүрч, 2025 оны бүтэн жилийн гүйцэтгэлийг давлаа. Үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 54.6 хувиар нэмэгдсэн нь сүүлийн гурван жилийн хамгийн өндөр өсөлт юм. Ингэснээр салбарын нийт борлуулалт I-IX сард 63.6 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 55.9 хувиар тэлжээ.
Нүүрсний экспортын биет хэмжээ 80 сая тонн давснаас гадна дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөнөөр уул уурхай, олборлолтын салбар өмнөх оны мөн үеэс 65.8 хувиар эрчимжиж, аж үйлдвэрийн салбарын өсөлтөд гол жин дарсан байна. Хэдий тийм боловч нүүрс, зэс, төмрийн хүдэр, хайлуур жоншны хүдэр баяжмалаас бусад эрдэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл 38 хүртэлх хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн хувьд өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсөж, долоон их наяд төгрөг дөхсөн байна. Катодын зэс болон махны үйлдвэрлэл 17-28 хувиар буурсан нь хамгийн тааруу гүйцэтгэлтэй байна. Тухайлбал: мах бэлтгэл өмнөх оны мөн үеэс 10 мянга гаруй тонноор буурсан аж. Энэ өвөл 15-20 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөснөөс есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 20 аж ахуйн нэгжээс 11.6 мянган тонн мах нийлүүлэх хүсэлт өгснийг ХХААХҮЯ мэдээллээ.
Бусад гол нэрийн бүтээгдэхүүнээс гурил, сүү, цемент, шохойн үйлдвэрлэл 11 хүртэлх хувиар, мөн ноолууран сүлжмэл эдлэл үйлдвэрлэл 28.6 хувиар өсжээ. Тайлант хугацаанд боловсруулах үйлдвэрлэлийн нийт борлуулалт найман их наяд төгрөг хүрсэн байна.
Монгол Улс уул уурхайн салбарт олборлоод экспортлох бус боловсруулаад экспортлох бодлого руу шилжихийг зорьж буй. Энэ чиглэлд ган болон зэс хайлуулах, алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслүүд хэрэгжүүлж байгаа юм.
Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын NFC компани шалгараад байна. Харин гангийн цогцолборын хөрөнгө оруулагчийг аравдугаар сард багтаан шалгаруулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ.